
Энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгт дуучин Энхбаярын Мөнгөнчимэг оролцлоо. Түүнийг хийсэн уран бүтээлээр нь ард түмэн “Хулан хонгор” хэмээн нэрлэх болсон билээ. Тэр арваннэгдүгээр сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд тоглолтоо хийх гэж байгаа юм.
Бид төрж өссөн нутаг уснаас эхлүүлээд ийн ярилцсан юм.
Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Хөдөө мал дээр өнгөрсөн. Хотын хүүхдүүд шиг зуслан явдаггүй, амралтаар ишиг хурга хариулдаг байсан. Томроод үхэр, ямаа, гүү сааж, мал хариулж, бүх ажлыг хийдэг болсон доо. Манайх гэдэг айл дөрвөн охин, нэг хүүтэй. Эрэгтэй дүү маань надаас арван насаар дүү. Дан охид болохоор бүх ажлаа өөрсдөө хийдэг байсан.
Мөн таван настайдаа морь унаж сурсан. Аав машины дугуйны хаймарыг огтолж, модон эмээлийн бүүрэг даруулж өгсөн. Толгой нь хөдөлдөг байсан тул тэгж зохицуулсан л гэдэг юм. Одоо дурсамжаа эргээд бодоход самсаа шархирах шиг л болж байна
-Адуу малтай тэгж ойр өссөн болохоор л морины дууг сайн дуулдаг байх нь?
-Адуу бол ухаантай амьтан. Эзнээ таньдаг, ойлголцдог. Сүүдэрт нь хэвтэж байхад хөдөлдөггүй. Дэлхий дээрх цорын ганц хөхгүй эр амьтан бол адуу, азарга шүү дээ.
Ахуйтай холбоотой дуу дуулахад надад хялбар. Морь дуулахаар сэтгэл хөдөлдөг. Хүн дотоод сэтгэлээсээ дуртай зүйлээ хийхээр өөрийгөө бүрэн гаргаж чаддаг юм билээ.
-Та хүүхэд байхдаа нэвтрүүлэг болно гэж мөрөөддөг байсан гэсэн байх аа?
-Нэвтрүүлэгч болохыг мөрөөддөг байсан. Хонины бэлчээрт Монголын радиог сонсож, дуурайж ярьдаг байсан. Дараа нь дуулж эхэлсэн.Өсөж томроод Дундговийн театрт дагалдан дуучнаар орсон. Хожим дуурийн театраас ирсэн багш маань сонгодог дасгал зааж, дуурийн дуучин болоход нөлөөлсөн.
-Та ямар багш нарын удирдлага дор ажилласан бэ?
Хөгжмийн багш маань намайг О.Ичинхорлоо багш руу явуулсан. Болгарт төгссөн, СУИС-д багшилдаг хүн. Театрт бүх төрлийн дуу дуулж, туршлага хуримтлуулсан даа.

-Таны тайзан дээр биеэ авч яваа байдал их өөр санагддаг?
-Сонгодог урлагийн хүмүүжил тайзны соёл, биеийн хэлэмж, гоо зүйн мэдрэмжинд нөлөөлдөг. Багш маань 80 гарсан ч гоо сайхнаа хадгалсан байдаг нь надад үлгэр болдог.
Мэдээж дуурийн дуучин мэргэжилтэй учраас бусдаас өөр байж магадгүй Дундговийн театрт 7–8 жил дагалдан дуучнаар ажилласан. Төгсөөд чөлөөт уран бүтээлч болсон. Төв аймгийн театрт ажиллаж, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрд тоглож явлаа.
-“Хулан хонгор” дуутай хэзээ учирсан бэ?
-2022 онд дуулсан. Гурван жил өнгөрч байна. Уран бүтээлчидтэй танилцаж, олонд илүү танигдсан. Шинэ бүтээл маргааш нь хит болж байна гэж ойлгодог. Үнэндээ олон жилийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл шингэсэн уран бүтээл шүү дээ.
Би 18‑19 жил уран бүтээл туурвисан.

-Нутаг ус таны урлагт ямар нөлөөтэй вэ?
–Тал нутгаас уртын дуучид, Алтайн уулсаас хөөмийчид төрдөг шиг манайх дуу, хуурын өлгий нутаг. Байгалийн өгөгдөл, онцлог нь авьяасыг онцгой төрүүлдэг.
-11 дүгээр сарын 06-нд тоглолт тань болно гэсэн байх аа. Ямар онцлогтой вэ?
-Тоглолт хоёр хэсэгтэй: нэг нь дуурь, нөгөө нь морины дуу. 80‑90 % нь морины дуу байна. Мөн нутгийн тухай, ижий аавын тухай дуунууд дуулна.
-Ярилцсанд баярлалаа.







сайн дуучин гоё дуулдаг шүү…
Маш сайхан дуулдаг бас үлгэр жишээ бүсгүй шүү амжилт концерт үзнэ
Дуртай дуучин минь тоглолтонд нь амжил хүсье 💐💐💐💐