
Монголын мотоспортын нүүр царай болсон шилдгүүдийн нэг нь яах аргагүй Олон улсын хэмжээний мастер, МУГТ Э.Халиунболд билээ. Тэрбээр анхлан мотоспортын тамирчин Ш.Эрдэнэбилэг аавыгаа дагаж эл экстрим, эр зоригийн илэрхийлэл болсон төрлөөр хичээллэх болсон. Тэгвэл Э.Халиунболд их спортдоо эргэн ирж, “Тал нутгаас Дакарт” төслийн багийн нэгэн эд эс болж яваа.
Уг төслийн зохицуулагч Э.Ууган-Эрдэнээр ахлуулсан баг амжилттай урагшилж, “Дакар”-т алхам алхмаар ойртож байна.
Бага Дакар буюу Мароккогийн Ралли ДАШТ-ний 5 дахь цуврал гараанд амжилттай бариалан, дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж, 116 тамирчнаас цойлон гарч ирсэн МУГТ Э.Халиунболд өчигдөр эх орондоо ирлээ.

Бид түүнтэй болон төслийн багийн төлөөлөл мөн Э.Халиунболдын аав Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг нартай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд мотоспортоор хичээллэж байсан эрхэм юм.


Мотоспортын ОУХМ, МУГТ Э.Халиунболд: Тэмцээний сүүлийн өдөр финиш хийх тэр мөчид 200км-ийн зам олон зүйлийг бодогдуулсан


-Мароккогийн зам элснээс гадна маш их хад чулуутай байсан. Маш олон хад чулуутай, уралдааны замаас л гарвал хадтай, чулуутай халтирч болохгүй гэдэг бодлыг өөртөө тээгээд л маш хүнд хэцүү байлаа. Энэ уралдаан үнэхээр хэцүү байсан. Тэгээд харамсалтай нь хамгийн сүүлийн өдөр хамт уралдаж байсан өрсөлдөж байсан тамирчин маань нас барсан. Энэ нь бүх тамирчдад маш хүнд хэцүү туссан. Ямар ч байсан уралдаанаа сайхан дуусгаад ирлээ. 2026 онд Дакарт уралдахдаа маш том бэлтгэл болоод, маш их юм сураад ирлээ гэж бодож байна. Тэгээд уралдаан болгон онцлогтой болохоор Дакарт очиж байгаад л тэр уралдаанд яг юу хийж чадахаа ярина, тэрийгээ л бүгдийг нь гаргана гэж бодож байна даа.
Уралдааны эхний 2-3 дахь өдөр жаахан төөрөөд, зургаа алдаад бага зэрэг нервтээд байсан. Хүн бүр урдах хүнээ гүйцээд ирэнгүүтээ нервтэж эхэлж байсан. Тэндээс их зүйл сурч авлаа. Ер нь өдөр болгон л сурч суралцсаар явж байна даа. Өөр уралдаанд ч гэсэн ер нь очоод хэн болохыгоо харуулж чадвал хүмүүсийн хүрээлэл ихэсдэг. Тэгээд тэрний адилаар хүмүүс нь бас танигдаж эхэлсэндээ. Бас олон найзтай болсондоо маш их баяртай байна.


-Сэтгэл зүйн хувьд би яг энэ уралдаанд яг хэр явах вэ гэдгээ үзье гэж бодож байсан. Тэгээд ялангуяа сүүлийн өдөр бүх хүн хамгийн дээд чадлаараа явах ёстой. Яг өөрөө энэ бодлыг тээгээд, бүх хүчээ дайчлаад яваад үзье гэж шийдсэн байсан.
Хамгийн сүүлийн өдөр буюу финиш хийдэг өдөр хамгийн сайхан байлаа. Маш их ядарч байсан ч гүрийсээр байгаад л бариандаа орсон. Тэгээд бариандаа орсон тэр мэдрэмж маш сайхан байсан.
Яагаад гэвэл яг тэр сүүлийн өдөр 200км замыг туулахдаа би яг энэ зам дээр унасан бол гэдэг бодол 2-3 удаа орж ирж байсан. Яг унангаа алдаад л, унангаа алдаад л чанга байлаа. Ер нь бол уралдааны үйл явц өдөр болгон сорилтууд байлаа. Хамгийн гол нь би их зүйлийг суралцаж авсандаа баяртай, бас олзуурхаад ирсэн дээ.


“Тал нутгаас Дакарт” төслийн зохицуулагч Э.Ууган-Эрдэнэ: Энэ уралдаан бол тамирчдын шандсыг сорьсон. Тиймээс ч “Бага Дакар Ралли” гэж нэрлэдэг
-Өнөөдөр манай ОУХМ, Гавьяат тамирчин Эрдэнэбилэгийн Халиунболд аварга маань дэлхийн цомын Ралли рэйдийн аваргын 5 дугаар цувралд үнэхээр амжилттай уралдаад эх орондоо ирж байна. Манай “Тал нутгаас Дакарт” төслийн хүрээнд энэ жил 3 том тэмцээнд оролцохоор төлөвлөгөө тавьсан. Энэхүү төслийнхөө хүрээнд ямар ч байсан хоёрт нь амжилттай уралдаад, энэ жилийнхээ уралдаан тэмцээнээ хааж байна. Мароккогийн уралдаан “Бага Дакар Ралли” хэмээн нэрлэгддэг учраас маш онцлогтой. Ердөө 2 сар гаруйн хугацааны дараа буюу 2026 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр “Дакар ралли-2026” уралдаан Саудын Арабад эхэлнэ.


-Мароккогийн уралдаанд нийт тамирчдын бараг 80-90 хувь нь оролцож, өөрийнхөө байрлалыг тогтоох, хаана яваа, юу бэлтгэх вэ гэдгээ мэдэж авахын тулд Дэлхийн аваргын сүүлийн гараанд оролцдогоороо онцлогтой. Мароккгийн уралдаан маш өргөн дэлгэр болдог. Саяны тэмцээний мотоциклын төрөлд гэхэд л 116 тамирчин өрсөлдөж, манай тамирчин 5 өдрийн нийлбэр дүнгээр “Ралли 2” төрөлдөө 8 дугаар байр, нийлбэр дүнгээр 16 дугаар байранд орсон. “ТОП-5” хэмээх амжилтыг Стейж 5 дээр нэлээн сайн шахаж явснаар энэ үзүүлэлтийг гаргасан. Энэ амжилтаараа тэрбээр Монголын Ралли рэйдийн түүхэнд маш гоё ийм үйл явдлыг хийж, бүтээж байна аа л гэж харж байгаа. Дэлхийн топ түвшний тамирчидтай яг ижилхэн мотоцикл унаад л, яг адилхан бэлтгэл сургуулилтыг энэ зун бид нар боломжоороо хичээгээд хийсэн. Яг хоёр ширхэг ралли мотоциклыг худалдаж аваад, сая явахынхаа өмнө Өмнөговь аймгийн Хонгорын элсэн дээр 5 өдрийн бэлтгэл хийсэн. Хонгорын элс Абу Дабигийн чалленж, Мароккогийн Мерзуагийн элс гээд л тамирчнаас асар өндөр тэвчээр, зоригийг шаарддаг. Замын хувьд бартаа ихтэй, том том элстэй, өнцөг градус, элсний ширхэг ч байдаг юм уу тэрүүгээрээ адилхан байна гээд Халиука маань бэлтгэлийн дараа ярьж байсан.


-Тамирчны маань хувьд Хонгорын элсний бэлтгэл маш том бэлтгэл болж өглөө. Тэгэхээр бид бүхний хийсэн бэлтгэл, ажлын үр дүн ерөөсөө алдаагүй байлаа. Цаашаа бид бүтэн нэг сар гаруй хугацаанд бэлтгэлийг хэрхэн зөв хийх вэ? гэдэг асуудал дээр гол анхаарлаа хандуулж байна.
Э.Халиунболд маань өөрөө Америкийн Невада мужид амьдардаг. Невада мужид Дакарт өрсөлддөг том том багуудын шилдгүүд ирж өрсөлддөг учраас тэнд бэлтгэлээ хийх бүрэн боломж байгаа учраас бид нарт бас давуу тал бий.
Тэгэхээр үүн дээр мэдээж мөнгө, санхүү, ивээн тэтгэлэг, спонсорын хэмжээний зүйлүүд яригдана. Иймээс энэ бүхний төлөө л бид хичээж ажиллаж байна даа.


Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг: “Хүү маань өнгөрсөн жилээс л элсэн замд уралдаж эхэлсэн. Тэр минь чадсаан”
-Одоо бүх зүйл хөгжчихсөн, сайхан болчихсон. Интернэттэй газарт уралдааных нь замын мэдээлэл байнга гарч байна. Сүүлийн 5 хоног нэлээн түгшүүртэй л байлаа. Тэгээд ер нь бол жаахан айдастай, санаа зовсон байдалтай л байлаа. Хүүгийн маань оролцсон уралдаан сайхан болоод, амжилттай үзүүлэлт гаргаад, уралдаанаа дуусгаад ирлээ. Маш х баяртай л сууна.
Э.Ууган-Эрдэнэ тэргүүтэй хэсэг залуучууд нийлээд энэ “Тал нутгаас Дакарт” төслийг удирдаад, том ажил эхлүүлчихсэн, Дакарт орно гээд төлөвлөчихсөн байна. Төлөвлөсөн ажил нь ч гайгүй амжилттай явж байна. Өөрсдөө зорьсон юм чинь дэлхийн хэмжээний том уралдаануудад оролцоод, дэлхийн цомын цувралд ч өрсөлдөөд, спортоор хичээллэсэн юм чинь эцсийг нь үзэх байх гэж итгэж, найдаж байна. Манай Халиунболд маань энэ элсэн зам дээр бараг л явж үзээгүй хүн шүү дээ. Өнгөрсөн жилээс хойш л энэ ралли гэдэг уралдааны төрөлд оролцоод байгаа. Сая тэмцээний өмнө Өмнөговь аймгийн Сэврэй суманд байдаг “Дуут Манхан”, “Хонгорын элс” гээд л тэр хавиар 5 хоногийн бэлтгэл хийсэн. Тэр нь ч сайн нөлөөлсөн байх.


–Мэдээж уралдааны үед нь маш түгшүүртэй л байдаг. Байнгын л санаа зовоод, одоо хаана явж байна, тэр нөгөө замын маршурт, трак ч гэдэг юм уу тэр нь ингээд л заримдаа байж байгаад л зогсчих юм. Түүнийг нь харахаар бас сэтгэл зовиноод, яасан юм бол? гээд л бодоостой байлаа. Э.Ууган-Эрдэнээс л бас чимээ сураг тавиад их хүлээнэ.

Багийн менежер Э.Энхтайван: Монгол тамирчин Мароккогийн уралдаанд дайчин чанараа харуулж чадсанд баяртай байна
Мароккогийн уралдааны арын албанд спортын мастер Э.Энхтайван ажиллаж энэ их амжилтын ард Э.Халиунболдын менежер, медиа, жолооч, бариач гээд л бүх ажлыг амжуулжээ.


-Жилийн бүтэн жилээрээ уралдаж байгаа тамирчид байсан болохоор тэд нар онооны төлөө хоорондоо маш их өрсөлдөөнийг өрнүүлж байсан. Ялангуяа хамгийн сүүлийн өдөр тамирчнаа хамгийн сайн уралдсанд маш их баяртай байна. Яагаад гэвэл бүгдээрээ сүүлийн өдөр байдаг бүхнээ хийж, хүч чадлаа бүрэн дайчилж байсан болохоор маш их баяртай байна аа. Уралдаан сайхан дуусгаад ирсэн. Э.Халиунболдын хувьд энэ уралдаан маш онцлогтой байсан.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:







унаж л болохгүй
Мундаг байнаа. Баяр хүргье. Дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье
Мундаг байнаа. Энэ спорт бол бусад спортоос ихээхэн ялгаатай . Хөрөнгө мөнгө их шаарддаг спорт. Манай дотоодын өрсөлдөөн одоогоор сайн биш байгаа. Дэлхийн мундагуудтай ингэж уралдана гэдэг гайхамшиг. Дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье.