
Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгосын цэрэг Өмнөд Солонгос руу оргожээ. БНСУ-ын зэвсэгт хүчнийхэн хоёр улсын өндөр хамгаалалт бүхий хилээр нэвтэрч, Өмнөд Солонгосын талд ирсэн цэргийг хамгаалалтад авсан ба тухайн цэрэг БНСУ-д үлдэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Хоёр улсын хил дээрх 248 км урт, 4 км өргөн хилийн зурвасыг “зэвсэггүй бүс” хэмээн нэрийддэг ч уг хилийн зурвас нь тэсрэх бөмбөг, танкны урхи, өргөст тор зэргээр хамгаалагдсан байдаг ба 2017 онд Хойд Солонгосын цэргүүд зэвсэггүй бүсээр дамжин Өмнөд Солонгос руу оргож байсан Хойд Солонгосын цэрэг рүү 40 гаруй удаа гал нээж, шархдуулж байсан түүхтэй билээ.
1950-1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайны дараа БНСУ руу дүрвэсэн 34 мянга орчим хойд солонгосчуудын дийлэнх нь Хятадаар дамжин БНСУ-ын нутаг дэвсгэрт хүрч байжээ.
Эх сурвалж: theguardian.com






