
БНХАУ-ын эрх баригчид энэ долоо хоногт Бээжин хотод болох Коммунист намын Төв хорооны хурлаар дэлхийн хоёр дахь том эдийн засгийн ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах аж.
Барууны улс орнуудад төрийн бодлогыг хууль тогтоогчид тодорхойлж, ихдээ 4 жилийн хугацаатай хэрэгжүүлдэг бол Хятадын эрх баригчид төрийн бодлогоо 5 жилийн төлөвлөгөөгөөр тодорхойлдог онцлогтой билээ. 5 жилийн төлөвлөгөөнөөс Хятадын удирдагчид ирэх жилүүдэд ямар байр суурийг баримтлах, улсынхаа нөөц бололцоог юунд ашиглах зэргийг мэдэж болох юм.
Хятадын Коммунист намын боловсруулсан 5 жилийн төлөвлөгөө дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд чухал нөлөөтэй учир энэхүү үйл явдал олон улсын анхаарлын төвд байсаар иржээ.
1978 онд Хятадын Коммунист намын Төв хорооны хурал дээр БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин Хятад улс чөлөөт зах зээлийн зарим нэн элементийг нэвтрүүлэх цаг болсныг тунхаглажээ. Түүний Хятадын эдийн засгийг өөрчлөн шинэчилж, нээлттэй болох бодлого 1981 оны 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдсанаар чөлөөт худалдааны Эдийн засгийн тусгай бүсүүд бий болж, Бээжин гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор нь татаж чадсан юм.

Үр дүнд нь дэлхийн эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж, 21-р зууны эхээр Хятадын далайн эргийн бүс нутгуудад барууны үйлдвэрүүд олноор нээгдэж, шинэ ажлын байрууд бий болсон юм.
Барууны орнууд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудалд анхаарч эхлэхтэй зэрэгцэн Бээжин ногоон салбартаа их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж эхэлсэн ба 2011-2015 оны төлөвлөгөөндөө Бээжин сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологи, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл зэргийг эдийн засгийн гол хөдөлгүүр болгох тухай тусгажээ.
Богино хэмжээний видео контент хуваалцдаг TikTok аппликейшн, харилцаа холбооны салбарын томоохон төлөөлөгч Huawei, DeepSeek хиймэл оюун ухаан гээд эдгээр нь бүгд энэ зууны Хятадын технологийн салбарын амжилт ололтууд билээ. Саяхныг хүртэл Бээжин Америкт үйлдвэрлэсэн чип, тоногийг сэлбэгийг ашигладаг байсан бол АНУ-ын экспортын хоригтой холбоотойгоор өнөөдөр Бээжин чип, хиймэл оюун ухаан, технологийн салбараа барууны дэмжлэггүй авч явах хэмжээнд хүрчээ.


Харин ирэх 5 жилийн төлөвлөгөөндөө Хятадын эрх баригчид эдийн засгийн бүх салбарт тэр дундаа инновацын салбарт хараат бус, бие даасан байхыг эрмэлзэх, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах тухай тусгах нь гарцаагүй хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.






