
Бид улс төрийн сандал, суудлын талаарх мэдээлэл хүргэхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Харин энэ удаад малчид, иргэддээ зориулан өвөлжилтийн төлөв байдал ямар байх талаар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэнгээс тодруулга мэдээлэл авлаа.
Түүний хувьд цаг агаарын прогноз гаргахаас гадна малчдынхаа борог амьдрал, малч ухаан, байгаль дэлхийн хүйн холбоо, нүүдэлчин өв соёл, монголчуудын ёс заншлын өв тээгч болсон нэгэн юм.
Хэрвээ та ярилцлага мэдээллийг бүрэн унших боломжгүй бол дараах хураангуй агуулгатай танилцаж болно:
-Тэрбээр саяхан тэнгэр шинжиж ирсэн юм. Д.Шагдарсүрэн гуайн хэлж буйгаар, саяхан орсон цасыг тэнгэр шинждэг уламжлалт мэдлэгтэй малчин иргэд урьдчилан таамаглаж байсан нь анзаарагдсан байна.
-Мөн тэрээр дахин ийм хэмжээний их цас орохгүй байх төлөвтэй гэдгийг онцлов. Энэ өвөл өнөтэй болох ч, хаврын улирал харьцангуй хүндрэх хандлагатай байгааг ч мөн анхаарууллаа.
-Тэрээр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Бага Залаа уул, Их Угтаал уул, Хараат Тэнгэр уул зэрэг газруудаас өвлийн төлөв байдлыг шинжихдээ, байгаль цаг уурын талаар тодорхой мэдлэг, ойлголттой иргэд л гарч шинжих нь зүйтэйг онцлон сануулсан юм.
-Энэ удаад 300 гаруй хүн тэнгэр шинжих нэрийдлээр ууланд гарсан ч, зарим нь архидан согтуурсан талаар ахмад сэтгүүлчийн зүгээс шүүмжлэлтэй хандаж буйгаа хэллээ.
Ярилцлагын дэлгэрэнгүй:
-Энэ жил эрт хүйтэрч цас их орлоо. Эрт хүйтэрвэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй болох байх даа?
–Өвөлжилт энэ жил ямар байх талаар уулан дээр гарсан малчид хэлэлцсэн. Тэд Хонгор багийн төвд бууж, нэгтгэсэн дүгнэлт хийлээ. Малчин н.Пунцагдорж, н.Таванжин, н.Баасанжав нар оролцсон. Тэд энэ өвөл хүндрэхгүй, отор нүүдэл хийх шаардлагагүй, зуд болохгүй, тайван өвөл болно гэж үзсэн.
15-ны шөнө уулан дээр хоноод, 16-ны өглөө Хонгор багийн төвд очиход цас орсон байв. Гэсэн ч цаашдаа их цас орохгүй, өвөл харьцангуй зөөлөн өнгөрнө гэж дүгнэсэн.
Сая орсон цасны өндөр 1 метр 30 см хүрсэн нь Монгол орны ихэнх нутгийг хамарсан. Энэ нь өвлийн өнгийг тодорхойлж байна гэж малчид үзсэн. Үүнээс цааш их цас, зуд, шуурга, салхи болохгүй гэж таамагласан.
Малчдын 90 хувь нь отор хийхгүй, өөрийнхөө хондон дээр өвөлжинө гэж байгаа.
-Өвөл өнтэй, хавар харьцангуй хүнд болох төлөвтэй гэлээ. Хавар яав л зохилтой вэ?
-Малчид өвлийг тайван даваад, хавар нутгийнхаа нөхцөлд тохируулан нүүдэл, шилжилтээ шийднэ гэж үзэж байна.
Тухайн бүс нутгийн малчид өөрсдөө шийдвэр гаргана.
-Байгаль цаг уурыг шинжихэд тодорхой сар, өдөр, хугацаа хэрэг болдог уу?
-Өвгөчүүд хүүхдүүдээ долоо, наймтайгаас нь дагуулаад л хээр хоноод, байгальтай ойр өсгөдөг. Малчин хүн хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс өвлийн адаг сарын битүүн хүртэл үргэлж байгаль дэлхийгээ ажиглаж байх ёстой гэж үздэг. Ганцхан л намрын дунд сарын 15-ны шөнө довцог дээр гарч суугаад л бүхнийг мэддэг юм гэж байхгүй. Таамаглал дэвшүүлж байгаа арга нь цаг уурын прогноз гаргахтай төстэй. Цаг уурын прогноз гаргадаг аргын үндэс нь шүүхийн аргатай төстэй. Шүүх яадаг гэхээр энэ хэргийг хэн, хэзээ, хэдэн онд хийж байсан бэ, тэр хэргийг хэрхэн шийдэж байсан бэ гэдгийг архив ухаж шийддэг. Түүн шиг өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Хойд Америкт цаг агаар ийм байсан байна, Баруун европт тийм байсан байна гээд газрын зураг дээр зурчихна. Тэрийг хараад иймэрхүү цаг агаар хэдэн оны хэдэн сарын хэдэнд болж байсныг харж, адилхныг нь олно. Адилхныг нь олоод маргааш нь цаг агаар хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг одоогийнх дээрээ авчирч тавиад агаар мандлын термодинамик тэгшитгэлээр бодно.
-Малчид иргэд “ам харна” гэж сүрхий зүйлд итгэдэг бололтой. Үүнд итгэх нь зөв үү?
-Намрын дунд сарын шинийн 15-нд Боржигоны хонхорхойд байдаг байдаг хэсэг малчид ууланд гарч энэ жил аль нутгаар өвөлжиж, хаваржвал онд мэнд орохоо хэлэлцдэг. Аравдугаар сарын 9-нд эл өдөр таарч байгаа. Ам хардаг хүмүүс Говь-Угтаал, Цагаандэлгэр, Гурвансайхан сумын нутаг дээр ажигладаг. Нэг юм анхааруулж хэлэхэд ам харах гэдэг асуудалд дээр дурдсан гурван сумдаас гадна ямар ч сум орон нутгийн хүмүүс итгэж болохгүй. Зөвхөн Боржигоны малчид гэж яриад байгаа энэ хүмүүс л ярилцдаг зүйл.
-АРДЫН УЛАМЖЛАЛТ УХААНАА ХАЯЧИХСАН НЬ ТУН ХАРАМСАЛТАЙ-


-Үгүй. Өөрсдөө орон нутгаа ажиглаж сурах хэрэгтэй гэсэн санааг өгч буй хэрэг. Орон нутаг болгон өөр өөрийн гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй, онцлогтой байдаг. Түүнийгээ залуучууд нь сурч, мэдэж байвал их сайн. Өвс ногоо, зэрлэг амьтны хөөцөлдөөн, бэлчээрлэлт ямар байгаа зэргийг хараад сураад авчихвал зүгээр санагдах юм.
Жишээ нь Завхан аймгийн Баянтэс сумын Дүнгэнээ хайрхан гэдэг уул дуугарвал цаг хатуурна гэж ярьдаг. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сангийн далай нуурын мөс арзгар барзгар хөлдөх, гөлгөр гөлчгөр хөлдөхөөс хүртэл өвлийн шинж байдлыг олж мэдэж болно. Мөн тус нуурын ус аль тал руугаа хэвийж хөлдөнө, тэр зүгтээ цас их ордог. Үүнийг л хойч үедээ зааж сургаж чадвал монгол малчдын эрдэм ухаан тасрахгүй.
Энэ бүгд цаанаа шинжлэх ухааны үндэстэй байдаг. Дээр дурдсан нуурын ус барзгар хөлдөж байгаа нь намар салхи ихтэй байх юм бол өвөл дулаахан болдог гэсэн логик байна. Салхи ихтэй байвал нуурын ус барзгар хөлдөх нь байна шүү дээ.
Энэ жил Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчдын уламжлалаар Бага Залаа ууланд гарсан. Энэ жил хэт олон хүн гарч, 70 гаруй машин явсан гэж сонсогдсон. Нэг машинд дунджаар 4-8 хүн явдаг гэж үзвэл 300 орчим хүн жижигхэн толгойд төвлөрсөн бололтой. Энэ нь утгаа алдаж байна.
Уламжлалаар туршлагатай малчид гарч, ажиглалт хийж, дараа нь нутгийн иргэд зөвлөгөө авдаг байсан. Малчид “өвөлжөө, бууцаа хаана байрлуулах вэ”, “өвөл, хавар хэрхэх вэ” гэдэг асуудлыг хэлэлцдэг. Ажиглалт хийдэг малчид бараг мэргэжлийн түвшинд ажилладаг болсон. Тэдэнтэй уулзаж зөвлөгөө авч, дараа нь нүүж суух талаар шийддэг уламжлалтай.
Сүүлийн жилүүдэд Архангай, Хөвсгөл зэрэг аймгуудаас олон хүн ирж, ажиглалт хийхээс илүү архидалт газар авсан нь харамсалтай. Цаашид ийм байдал давтагдахгүй байгаасай. Энэ мэдээллийг олон нийтэд түгээж, орон нутгийн удирдлага хяналттай байлгах хэрэгтэй.
Маргааш өглөө нь газар дээр нь архины шил л үлдсэн байв. Энэ бол зохисгүй.







худлаа шаахаа л больчих хөгшин залуугүй