
Японы Осака их сургуулийн эрдэмтэд AP2A1 нэртэй уураг нь эсийн хөгшрөлтийг зогсоох хүчин чадалтай болохыг тогтоожээ.
Уг уургийн хэмжээг хязгаарласнаар эрдэмтэд хөгшрөлт явагдаж буй эсүүдийг залуужуулж чадсан нь хөгшрөлтийн эсрэг эмчилгээний хувьд цоо шинэ нээлт болоод байна.
Нас нэмэгдэхийн хэрээр бидний эс хуваагдахаа больж, эсэд хөгшрөлт явагдаж эхэлдэг ба энэ нь эсийн үйл ажиллагаа, орчинтойгоо харьцах үйл явц өөрчлөгдөхөд хүргэдэг байна.
Эсийн хөгшрөлт явагдах үед эсийн хэмжээний өөрчлөлтөд ямар уураг нөлөөлдөг болохыг тогтоох явцдаа Осака их сургуулийн эрдэмтэд AP2A1 уургийг олж нээжээ. Тэд хөгширч буй эсүүдэд AP2A1 уураг их хэмжээгээр агуулагдаж буйг тогтоож, тус уургийн хэмжээг өөрчлөх нь ямар үр дүнд хүргэхийг ажиглажээ.
Судалгааг удирдсан Шинжи Дэгүчи хөгшрөлт явагдсан эсүүд дэх AP2A1 уургийн хэмжээг бууруулахад эсийн хөгшрөлт зогсож, эс залуужих үйл явц ажиглагдсан болохыг онцолжээ. Харин залуу эс дэх AP2A1 уургийн хэмжээг нэмэгдүүлэхэд богино хугацаанд хөгшрөлт явагдаж эхэлж байгааг анзаарсан байна.
AP2A1 уургийн хэмжээг бууруулснаар хөгшин эсүүд залуу эс болж хувирч, эсийн үйл ажиллагаа сэргэж, коллагены ялгаралт нэмэгдэх нь хөгшрөлтөөс үүдэлтэй өвчнүүдээс сэргийлэхэд туслах чухал ач холбогдолтой аж.
Эсийн үйл ажиллагааг дэмжиж, хөгшрөлтөөс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх хүчин чадалтай гэгддэг IU1 эмийг Осака их сургуулийн эрдэмтдийн хийсэн нээлттэй хослуулбал хүн төрөлхтөн 250 хүртэл наслах боломжтой болох аж.
Эх сурвалж: qazinform.com






