
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Түүнээс өмнө уг асуудлыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн.
Харин УИХ-ын чуулганаар нийт гишүүдийн олонх буюу 71 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон юм.
Уг санал хураалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэх маргааныг дагуулж, Б.Жавхлан, С.Бямбацогт нарын сайд нар Үндсэн хуулийн цэцэд хандсан.
Энэ лхагва гарагт буюу 22-ны өдөр Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцэнэ.
Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
Дэгийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэхдээ,
90.1. Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
90.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
90.3. Нэгдсэн хуралдаанд хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 90.2-т заасан Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсоно.






