
Өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагийн үед, Францын нийслэл Парис хотод байрлах алдарт Луврын музейд дээрэмчид нэвтрэн, музейн үзмэр болох олон арван сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлжээ.
Le Parisien сонинд бичсэнээр дээрмийг үйлдсэн 4 этгээд Луврын музейн дэргэд барилгын ажилд ашиглаж байсан өргөгч краныг ашиглан Луврын музейн Сена мөрөн рүү харсан хоёр давхрын цонхыг хагалан орж, Францын хаад хатдын үнэт эдлэлүүдийг толилуулсан Аполлоны галерейд нэвтэрчээ.

Дээрэмчид Францын эзэн хаан III Наполеоны гэргий Южиний энгэрийн зүүлт, I Наполеоны хоёр дахь гэргий Мари Луизын маргад эрдэнийн шигтгээтэй хүзүүний зүүлт болон ээмэг, хатан Мари Амели болон III Наполеоны ээж Ортенз Южини нарын титэм, хүзүүний зүүлт, ээмэг зэрэг нийт 8 үзмэрийг хулгайлжээ.


Францын Соёлын сайд Рашида Дати дээрэмчид хэний ч биед халдаагүй гэдгийг онцолж, “Бид хяналтын камерийн бичлэгийг үзсэн, тэд хэн рүү ч халдаагүй, маш мэргэжлийн ажиллаж байгаа нь харагдсан. Дээрэмчид 4 орчим минутын дотор шилэн хоргонуудыг хагалж, үзмэрүүдийг хулгайлан явсан байсан.” гэжээ.
Түүний хэлснээр дээрэмчид хэргийн газраас скүүтер унан зугтаж явахдаа 1855 онд урласан 1354 очир эрдэнэ, 56 маргад эрдэнийн шигтгээтэй Францын хатан Южиний титмийг зам дээр унагасан байжээ.
Цагдаа нар хэргийн газраас цонхыг хагалахад ашигласан хөрөө, газын хошуу, бензин, бээлий, бүтээлэг, барилгын ажилчдын өмсдөг шар жилет зэргийг олж илрүүлжээ.
Эх сурвалж: BBC.com







монголууд уу