
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Унгарын нийслэл Будапешт хотноо уулзах талаараа мэдэгдсэн билээ.
Уг мэдэгдэлтэй холбоотойгоор Европын холбооны хоригт орсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэрхэн Унгарын нийслэл хотод хүрэх нь олны анхаарлыг татаж байна.
Европын холбооны зөвлөл АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалт Украинд энхийг тогтоох явдлыг түргэсгэж болзошгүй учир улс орнууд тус уулзалтыг нааштай хүлээн авах нь зүйтэй хэмээн ОХУ-ын төрийн тэргүүний онгоцыг агаарын зайдаа оруулах эсэх шийдвэрийг улс бүр тусдаа гаргана гэдгийг мэдэгджээ.
Онолын хувьд В.Путины онгоц Румын, Болгар, Грек, Албани, Монтенегро эсвэл Хойд Македониор дамжин Будапештад хүрэх боломжтой аж.
2022 оны 2-р сарын 25-наас Европын холбооны хоригт орсноосоо болж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров 2022 оны 6-р сард Белградад хийх байсан хоёр өдрийн айлчлалаа цуцлахад хүрч байсан юм. Учир нь Сербийн хөрш Монтенегро, Болгар, Хойд Македони улс С.Лавровын онгоцыг агаарын зайдаа нэвтрүүлэхээс татгалзсан юм.
Түүнчлэн 2024 оны 12-р сард С.Лавров Мальтын нийслэл Валетта хотод болсон Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын чуулганд оролцохдоо Европын холбооны орнуудын дээгүүр нисэлгүй тойруу замаар Мальта улсад хүрсэн аж. Түүний онгоц Туркийн агаарын зайгаар дамжин Египет болон Ливи улсын эрэг дагуу ниссээр 6.5 цагийн дотор Валетта хотод хүрчээ.
2023 оны 11-р сард Хойд Македонийн Скопье хотод болсон чуулганд оролцохдоо С.Лавров Турк, Грек улсаар дамжин 4000 км замыг туулж, 5 цаг гаруй нисэн очжээ. Учир нь Болгар улс түүний онгоцыг агаарын зайдаа нэвтрүүлэхээс татгалзсан аж.
ОХУ-ын парламентын спикер Валентина Матвиенко өнгөрсөн 7-р сард Швейцарын Женев хотод болсон арга хэмжээнд оролцохын тулд Итали, Францын эрх баригчдад онгоцыг нь агаарын зайдаа нэвтрүүлэх хүсэлт гаргаж байсан ба хоёр орны эрх баригчид хоорондоо зөвлөлдсөний эцэст түүний онгоцыг агаарын зайдаа нэвтрүүлэхийг зөвшөөрч байжээ.
Эх сурвалж: BBC news






