
Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын 50 мужид 2700 гаруй байршилд Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны эсрэг “No Kings” нэртэй жагсаал цуглаан өрнөжээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсаалд АНУ даяар нийт 7 сая орчим хүн оролцсон байна. Иргэд Д.Трампын засаг захиргаа Конгрессыг үл тоомсорлож, цагаачлалын тал дээр хэтэрхий хатуу бодлого баримталж, төрийн байгууллагууд тэр дундаа эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүдийн төсвийг танасан явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Д.Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг ашиглаж, Конгрессын баталсан төсөвт удаа дараа хориг тавьж, төрийн агентлагуудыг тарааж, гаалийн импортын татварыг нэмэгдүүлж, мужийн захирагчдын эсэргүүцлийг үл тоомсорлож хууль бус цагаачидтай тэмцэх нэрээр Үндэсний гвардийн цэргүүдийг Америкийн хотуудад байршуулсаар байгаа юм.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд гаргаж буй шийдвэрүүдээ АНУ-ыг хямралаас гаргах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа юм.






