
Монгол улс 70 сая толгой малтай, харин 3 сая гаруй иргэнтэй. Гэвч жил бүрийн хавар хамгийн хурдан өсдөг зүйл бол малын тоо биш, махны үнэ байдаг. Энэ жилийн онцлог нь хавар биш, харин намар мах хямд байснаараа онцгой байлаа.
Иргэн М.Амгаланбаатарын санаачилга гарган 21 аймгийн малчид махаа ченжээр дамжуулахгүй, шууд иргэдэд өөрсдийн гар дээрээс илүү хямд үнээр зарж борлуулах боломжтой цэгүүд байгуулсан нь иргэд олноор очиж 12 гэхэд борлуулах мах нь дуусах гэх мэт үйл явдал болж өнгөрсөн. Үүнтэй зэрэгцэн “Хүчит шонхор”, “Хархорин” зэрэг захууд ч үнээ бууруулж, хаваржин хямд махны өрсөлдөөн өрнөв. Айл болгон өдөр бүр мах чанаж идсэн гэвэл хилсдэхээргүй энэ намрын махны хямдрал зүгээр л зул бөхөхийн өмнөх бадамлалт байв. Учир нь зуншлага муу, хур бороо хомс орсон учир баруун бүсийн нийт нутаг дэвсгэрийн 70–80 хувь гантай, 2025–2026 оны өвөл хатуу байх төлөвтэй тул малчдыг малаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг ХХААХҮЯ анхааруулсан нь ч үүнтэй холбоотой.
Тийм учраас бид гэнэт л гараад ирсэн зуданд амь давахааргүй их хэмжээний хямдхан мах аваад бас идээд байж. Гэнэт цадах гэдсэнд халтай гэдэгчлэн энэ хатуу өвлийн дараа малын тоо эрс буурч, нийлүүлэлт багасаж өнөөх л жил жилийн хаврын махны үнийн өсөлт энэ жил бүр ч илүү хатуу тусах нь. Ганц махаар тогтохгүй манайх шиг 12 сараас эхлэн тоолж барахааргүй их баяр наадамтай улсад баярын ширээний гол чимэг болох мах, махан бүтээгдэхүүн буюу өндөр нам, өргөн бүдүүн хиамны үнэ ч мөн нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Монгол хүний гол хүнс болсон махны үнэ улирлын хамааралтайгаар савлаж, энгийн хэрэглэгчдэд хамгийн мэдрэг асуудал болсоор ирсэн. Энэ удаа ч ялгаагүй байгаль, эдийн засаг, бодлого гурвын огтлолцол дээр бидний хоолны үнэ шийдэгдэнэ. Малын тоо хэчнээн өссөн ч, бодлого, нөөцийн оновчтой удирдлага, малын чанарын бодлого алдагдвал олон малтай ядуу улс хэвээр үлдэх эрсдэлтэй.
Тиймээс энэ удаагийн хатуу өвөл зөвхөн малчдын бус, улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдлын шалгуур болж мэдэх нь. Өнөөдрийн хямдрал маргаашийн хомсдол болохгүйн тулд махны үнийг хянах биш, нийлүүлэлтийн тогтолцоо, нөөцийн бодлого, дотоодын боловсруулах үйлдвэрлэл дээр анхаарах цаг иржээ.






