
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэн удирдав. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, энэ талаарх Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу нар тус бүр танилцуулсан. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан байсан. Иймд өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 63.2 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон тав дахь асуудал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг байв. Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.


Хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 9 дүгээр сарын 15, 18, 19, 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд “Улсын Их Хурал төсвийн төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийн үед олон нийтийн хэлэлцүүлэг хийж болно” гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооноос “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл”, “Боловсролын салбарын 2026 оны төсөв”, “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд”, “Төслийн орлого бүрдүүлэлт”, “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв”, “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсөв” гэсэн зургаан сэдвийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам болон төсвийн ерөнхийлөн захирагч нар, төрийн бус байгууллагуудаас давхардсан тоогоор танхимаар 394, цахимаар 17 төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийн зарыг Улсын Их Хурлын албан ёсны вэб хуудас parliament.mn, нийгмийн сүлжээн дэх ParliamentMN хаягуудад нийтэлж, олон нийтийн оролцоог ханган ажилласан болохыг Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос эрүүл мэнд, боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх, багш, эмчийн цалин, ахмад настны тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын зорилттой уялдуулах, гадаад зээл, тусламжийн ашиглалт, түүний үр дүнг үнэлж, өрийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх, татварын шинэчлэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дэмжлэгийг оновчтой болгож, өрхийн орлогыг дэмжихэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналууд гарчээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрэнд 2025 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдөр, 10 дугаар сарын 01, 07-ны өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн хэмээгээд тус бүрд нь танилцуулсан.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явууллаа. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 114 гишүүний 72 нь “нийцсэн” хэмээн дэмжсэн юм. Иймд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал төсөл санаачлагчийн илтгэлийг, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр танилцууллаа.


Төсөл санаачлагч иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бодит орлогыг хамгаалах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн оновчтой, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах чиглэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, түншлэлийн хүрээг тэлж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээнээс гадна хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго, зорилтод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжоор тэгш хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон дотоод үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиглалтыг сайжруулах зорилгоор “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.


Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа явуулсан байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр асуулт асууж, Н.Учрал сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гурван өдрийн завсарлага хүсэж буйгаа мэдэгдэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлгээс гурван өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв






