
Улс төрчид орондоо орох завгүй сандал суудлын төлөө тэмцэлдэж, хөнжилдөө орох завгүй, талцан хуваагдаж, эрх ашгийнхаа төлөө үхэн хатан тэмцэж байна. Улс төрчдийг ард түмний тулгамдсан асуудлыг шийдвэрлэ гэж сонгосон ч тэд хуралдаа ч орохгүй, асуудлаа ч хэлэлцэхгүй бүтэн сар төрийн ажил гацаанд орсон.
Монгол Улсын түүхэнд анх удаа улс төржилтийн хийрхэл хэрээс хэтэрч Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын даргаа нэг өдөр зэрэг огцруулж, чөлөөллөө.
Харин цалин, тэтгэврээ нэмүүлэх шаардлага тавьсан ахмадууд, багш эмч нар бүтэн сар гадаа жагсаж, эцэстээ суулт, ажил хаялтын хэмжээнд хүрсэн ч улс төрчид нүдэн балай, чихэн дүлий суулаа.
Одоо хангалттай, иргэд туйлдаж, цөхөрч байна.
Өрөг.мн сайт өнөөдрөөс эхлэн улс төрчдийн эрх ашгийн төлөөх элдэв попролд биш иргэдийнхээ үг хэлэх эрхийн төлөө ажиллаж, багш, эмч, ахмадуудын шаардлагыг биелүүлэх хүртэл зөвхөн тэдний дуу хоолойг сонсож, асуудалд төвлөрч мэдээлэх болно.






