
БНСУ-ын зохиолч Бэк Сэхи 35 насандаа таалал төгсжээ. Түүний сэтгэл засалч эмчтэйгээ өөрийн сэтгэл гутралын талаар болон сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлуудын талаар ярилцсан тэмдэглэл бүхий “Үхмээр байна гэхдээ би догбугги идмээр байна” нэртэй ном 2018 онд хамгийн өндөр борлуулалттай номнуудын тоонд багтаж, англи, япон, франц, монгол зэрэг дэлхийн 25 хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн юм.
Зохиолч Бэк Сэхигийн нас барах болсон шалтгаан болон оршуулах ёслолын тухай мэдээлэл тодорхойгүй байгаа ч Солонгосын Эрхтэн Хандивлах Агентлагийн мэдээлснээр Бэк Сэхи зүрх, уушги, элэг болон бөөрөө хандивлаж, 5 хүний амийг аварчээ.
Тэрээр “Үхмээр байна гэхдээ л би догбугги идмээр байгаа хэвээр байна” нэртэй хоёр дахь номондоо сэтгэл санааны нарийн төвөгтэй байдал, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх явдал, сэтгэлийн илааршилтын талаар энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар бичсэн нь сэтгэцийн эмгэг нь сул тал бөгөөд ил тод, нээлттэй ярих сэдэв биш гэсэн Өмнөд Солонгосын нийгэм дэх хэвшмэл ойлголтыг эвдсэн юм.






