
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-“Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал арав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Энэ хугацаа маргааш буюу баасан гарагийн 12:30 минутад дуусах ёстой.
Монгол Улсад ардчилсан парламентын засаглал бие болсноос хойш маш олон засгийн газар байгуулагдаж бас огцорч байсан. Аль ч засгийн газар байгуулагдах, огцрох үед дагасан улс төр явж байдаг. Гэхдээ өнөөдрийнх шиг Засгийн газар нь Улсын Их Хурлаа боёкоотолж парламентыг Үндсэн хуулийн зөрчил рүү оруулах алхам хийгдэж байсангүй.
Өнөөдөр Засгийн газрын гишүүд толгойлж, дарамталж Улсын Их Хурлын гишүүдийг хуралдаа суух боломжоор хангахгүй байна.
Та бид улс орны хөгжлийн төлөө, хүн ардын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг баталгаатай болгохын төлөө Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон. Өнөөдөр бид хэн нэгний суудлыг хамгаалахын төлөө сонгогдоогүйг бодож ард иргэдийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой гэдгийг ухамсарлаж Улсын Их Хурлын чуулгандаа оролцохыг гишүүддээ уриалж байна” гэлээ.






