
АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Даргын зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тов, дараалалд оруулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь “огцруулах” гэсэн томьёоллоор бус, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох тухай өргөдлөө УИХ-д гаргасантай холбоотой юм. Иймд өнөөдрийн процесс “өөрийн хүсэлтээр огцрох” хэлбэрээр явагдана.
Энэ бол тухайн улс төрчийн хувийн шийдвэр. АН-ын бүлгийн зүгээс ч өмнө нь зарчмын хатуу байр сууриа илэрхийлж, тууштай шаардлага тавьж ирсэн. Бид “огцруулах” гэсэн томьёоллоор биш, тухайн хүний хүсэлтээр албан тушаалаа өгөхийг зөв гэж үзэж байгаа.
Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд АН-ын бүлэг оролцоно. Одоо манай бүлгийн гишүүд чуулганы ирцэд орсон. Бид өмнө нь хэлсэнчлэн, хоёр асуудлыг дараалан хэлэлцэх байр суурин дээрээ бат зогсож байна. Бүлгийн 100 хувийн саналаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Намын даргын зөвлөлийн хурал нь 10 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан” гэв






