
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж, суулт эхлүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр н.Нарантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад өртэй, хүндрэлтэй нөхцөлд ажиллаж буй олон эмнэлэг байна. Эмч нар үйлчилгээ үзүүлэх гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдож, ариутгалын бээлий ч олдохгүй байгаа нь бодит үнэн. Энэ бол зөвхөн цалин нэмэх тухай асуудал биш. Монгол Улсын 3.5 сая иргэний эрүүл мэнд хохирч, амь насанд нь заналхийлэх хэмжээнд хүрээд байна.
Эрүүл мэндийн салбарын энэ хүндрэлийг үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэж үзэж байна. Гэтэл УИХ, төр засгийн төлөөлөл энэ байдлыг анхаарахгүй, чимээгүй байна.
Бид 10-р сарын 9-нд улс орон даяар “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” жагсаал зохион байгуулж, шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд бидэнтэй уулзахдаа: “Та бүхэн өөрсдөө судлаад ажлын хэсэг байгуулаач” гэсэн. Гэвч бид судалгаа хийх байгууллага биш, шаардлага тавих тал. Бид хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах ёстой. Төр өөрөө хаана алдаа гарч, зардал хэтэрч байгааг тогтоож, зохицуулах ёстой. Энэ үүрэг нь Сангийн яам, ЭМЯ, Төрийн аудит, хяналт шалгалтын байгууллагуудад бий.
Тиймээс хаана, ямар эмнэлгүүд зардлын хэтрүүлэлт, зохисгүй зарцуулалт хийж байгааг тогтоож, тэндээс хэмнэлт гаргаж, эмч ажилтнуудын цалин хөлсийг нэмэхийг шаардаж байна.
Энэ тэмцэл улс төрийн зорилготой биш. Өчигдөр бид салбарын нэмэлт хэлэлцээр дээр ажилласан. Хамгийн эхэнд эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан. Гэвч Засгийн газрын зүгээс 15%-ийн нэмэгдэл л боломжтой гэж тайлбарласан учраас хэлэлцээ маргаантай болсон.
Би хувь хүний эрх мэдлээр бус, олон мянган эмч ажилтны итгэл найдварыг хүлээн, тэдний эрх ашгийг төлөөлж энэ хэлэлцээг хийж байна. Цалингийн нэмэгдлийг шаардаж, үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа. Хэрэв төр засаг энэ шаардлагад хариу өгөхгүй бол бид дараагийн тэмцлийн шатанд шилжинэ.
Өнөөдөр 11:30 цагаас Сүхбаатарын талбайд эмч, ажилтнууд “Улсын төсвийг эргүүлэн тат”, “Цалинг 3.5 сая төгрөг болго” гэсэн шаардлага тавин суулт хийнэ. Хэрвээ маргааш ч шийдэл гарахгүй бол ирэх долоо хоногт суулт үргэлжилнэ.
Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд олон жил суралцаж, нарийн мэргэжил эзэмшсэн хэрнээ өнөөдөр үр хүүхдээ баярлуулах бүү хэл, өдрийн хоолныхоо мөнгийг олж чадахгүй шахам амьдарч байна.
Эмч ажилтнууд хэлж байна: “Хариуцлага хүлээхгүй ажил хийвэл 3.5 сая төгрөгийн цалин авна. Харин бид хүний амь нас аврах хүнд ачаалалтай ажил хийдэг хэрнээ амьдрахад хүрэлцэхгүй цалинтай байна.”
Эмч, сувилагчид амьдралын зээл, ипотекийн зээл, хэрэглээний зээлд дарагдаж, хүүхдийнхээ талхны мөнгийг ч олж чадахгүй хэмээн уйлж байна. “Бид энэ мэргэжлийг яах гэж эзэмшсэн юм бэ?” гэж өөрсдөөсөө асууж байна.
Зөвхөн эмч ажилтнууд төдийгүй эмнэлгийн дарга нар ч хүндрэлтэй нөхцөлд ажиллаж, эмчилгээ үйлчилгээ, цалин хөлсийг зохицуулахын төлөө зүтгэж байна. Тэд ч бас үйлдвэрчний эвлэлийн гишүүд. Харамсалтай нь үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байна.
Энэ бол улс төр биш. Хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалах тэмцэл. Цалинг нэмэгдүүлж, шударга хөдөлмөрийн үнэлэмж бий болтол бид энэ тэмцлийг зогсоохгү” гэв.






