
Өчигдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн Д.Сайнзоригийг Б.Заяабал “зодсон” гэх мэдээлэл гарсан. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Заяабал мэдээлэл өглөө.
-УИХ-ын гишүүн Д.Сайнзоригийг та зодсон уу?
– Ард иргэд дахин нэг өдрийг хэрэггүй мэдээлэл дунд өнгөрөөж, тэрхүү мэдээллийн төвд бид орчихлоо. Энэ үнэхээр харамсалтай байна.
Өчигдөр болсон үйл явцын талаар товч тайлбарлая. Байнгын хорооны, тэр дундаа Хууль зүйн байнгын хорооны хурал тарсны дараа МАН-ын бүлэг хуралдахаар орсон. Сайнзориг гишүүн болон бусад нь бүгд манай намын бүлгийн гишүүд. Тиймээс бид хуралдаа суухыг шаардсан. Манай бүлгийн гишүүдэд “Хуралдаа сууж, оролцооч” гэсэн шаардлага тавьсан. Энэ үйл явцаас маргаан үүссэн.
П.Сайнзориг гишүүн бид хоёр өмнө нь төрийн албанд олон жил хамт ажилласан. Төрийн албаны ёс зүйг сайн мэднэ. Бидний дунд ийм дотно харилцаа байдаг. Түүнчлэн саяхан болсон Увс аймгийн 100 жилийн ойн арга хэмжээнд хамт оролцсон. Ийм харилцаатай хүмүүсийн хооронд “хуралдаа сууж оролц” гэсэн хэлцэл дээр маргаан үүссэн. Үүнээс өөр зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цохисон, гар хүрсэн зүйл байхгүй.
Тухайн үед яг байнгын хорооны хурал дуусаад, Сайнзориг гишүүн чуулганы танхимаас гарч ирээд хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тиймээс та бүхэн тэр бичлэгийг цаг хугацаагаар нь харж болно.
-Хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд, үүсээд байгаа нөхцөл байдалд ямар байр суурьтай байна вэ?
-Сайнзориг гишүүн улс орны чухал асуудалд анхаарах ёстой байтал, намын дотоод асуудлаас болоод өөрийгөө хөндийрүүлж байна. Энэ үнэн.
Өнөөдөр бид төрийн эрх барьж буй нам. Иймд энэ нөхцөл байдалд хамгийн түрүүнд анхаарах ёстой. Орон нутагт цас орж, уул даваа хаагдаж, олон хүн, олон газар хүнд нөхцөлд байна. Ийм үед Засгийн газар тогтвортой ажиллах шаардлагатай. Миний байр суурь тодорхой. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.
Тогтвортой ажиллана гэдэг нь хууль бус зүйлтэй эвлэрнэ гэсэн үг биш. Хууль зөрчсөн, буруу зүйлтэй тэмцэх байр сууриа хадгална. Гэхдээ төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшин доголдох ёсгүй.
Одоогоор төсөвтэй холбоотой асуудал, ялангуяа багш, эмч нарын 20%-ийн цалингийн асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар бүлгийн түвшинд ажлын хэсэг гарсан. Би өөрийн дуу хоолойгоо энэ чиглэлд үргэлжлүүлэн хүргэнэ.







Арчаагүй юмаа эр улсууд байж сайхан үзэхгүй.