
Өнгөрсөн лхагва гарагт Нью Йорк хотын Brooklyn Navy Yard цогцолборт Америкийн эмэгтэй дотуур хувцасны Victoria’s Secret брэндийн загварын шоу болж өнгөрөв.
Энэ жилийн загварын шоунд Адриана Лима, Алессандра Амброзио, Лили Олдриж, Жоан Смоллс, Даутцен Круз, Кэндис Свэнпол, Жижи Хадид, Белла Хадид, Бехати Принслу, Барбара Палвин зэрэг хуучны сахиусан тэнгэрүүдээс гадна plus size модель Эшли Грэм, жүжигчин Эмили Ратажковски, загвар өмсөгч Ирина Шейк, Стелла Максвелл, Лю Вэн, Судан гаралтай модель Анок Яай, транс загвар өмсөгч Алекс Консани, Азийн анхны plus size загвар өмсөгч Юми Ну нар тайзнаа алхжээ.
Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны тамирчин 23 настай Энжел Риз Victoria’s Secret загварын шоунд анх удаа оролцож, тус загварын шоунд алхсан анхны мэргэжлийн тамирчин болсон байна. Victoria’s Secret загварын шоуны үзэгчдийн суудал мөн ялгаагүй олны танил, алдартай одуудаар дүүрэн байв. Шоуг үзэж сонирхохоор жүжигчин Сара Жессика Паркер, Хлое Севиньи, Патрик Шварцнеггер, стилист Ло Роач, дуучин Мэддисон Бир нар хүрэлцэн ирсэн байв. Шоуны үеэр реппер Мисси Эллиотт, дуучин Мэдиссон Бир, Колумбийн дуучин Кэрол Жи нараас гадна Өмнөд Солонгосын Twice хамтлаг уран бүтээлээсээ толилуулсан байна.






