
Сүүлийн үед иргэд “103”, “102”, “101” зэрэг тусгай дугаар руу залгахад автомат хариулагч ажиллаж, 20 – 30 секундийн дараа оператор холбогддог талаар гомдол гаргах болжээ. “Яаралтай үед ийм хугацаа алдах нь амь нас, эрүүл мэндийн эрсдэл дагуулж байна” хэмээн бухимдаж буй иргэд ч байгаа юм.
Яаралтай дуудлагыг Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр хүлээн авдаг бөгөөд дуудлага хүлээн авах шугам бүрт мэргэжлийн хүмүүс нь хүлээн авч тохирох газар луу нь илгээдэг байна.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн телефон холбооны ашиглалт хариуцсан ахлах инженер, цагдаагийн хошууч Ц.Мөнхсүлд:
“Орчин үеийн ухаалаг утаснууд дэлхий даяар нэг системд нийцсэн дугаарлалт ашиглаж эхэлсэн. Харин Монгол Улсад хэрэглэж буй 101, 102, 103 гэсэн тусгай дугаарууд олон улсын дугаарлалтын системтэй нийцэхгүй болсон. Үүнээс үүдэн дуудлагын чиглэл тодорхойгүй болох, системийн алдаа гарах тохиолдол гарч байгаа” гэв.
Түүний хэлснээр, энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас нэгдсэн 112 дугаарын системийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.
“112 систем хэрэгжсэнээр иргэд яаралтай үед цагдаа, түргэн, онцгой аль байгууллагад хандахаа дахин сонгох шаардлагагүй болно. Нэг дугаарт залгахад систем автоматаар ангилж холбох юм. Энэхүү шинэчлэлийг хийхийг тулд хүн хүч болоод техник технологийн бүтэн шинэчлэл хийх хэрэгтэй болно” гэв.
“Онцгой байдлын 101 дугаарт холбогдох бол 1, Цагдаагийн 102 дугаарт холбогдох бол 2, Эмнэлгийн яаралтай тусламжийн 103 дугаарт холбогдох бол 3 дарна уу” гэж цаг алдсан тохиолдолд сандарсан хүн ойлгохгүй, ахмад хүнд төвөгтэй нөхцөл байдал үүсэж буй.


“Автомат хариулагчийн систем нь иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Өмнө нь хүүхдийн дуудлага хүлээгдэлд ордог байсан бол одоо шууд холбогдох боломж бүрдсэн. Ингэснээр үйлчилгээний хүртээмж 70 хувиар нэмэгдэж, хүлээлгийн хугацаа мэдэгдэхүйц буурсан”
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн мэдээлснээр өдөр бүр дунджаар 3500–4000 дуудлага ирдэг бөгөөд автомат системийн ачаар шугамын ачаалал тодорхой хэмжээгээр буурсан.
Цаашид 112 нэгдсэн систем бүрэн хэрэгжсэнээр иргэд тусгай дугаар тус бүрт залгах шаардлагагүй болж, нэг л дугаар руу шууд залгаж яаралтай тусламж авах нөхцөл бүрдэх юм” гэв.








