
Дэлхий дахинд спортыг шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгаан дээр суурилдаг.
Энэ ч утгаараа амжилт, ялалт бол зөвхөн зааланд бэлтгэл хийх бус шинжлэх ухааны үндэслэлтэй тухайн тамирчны онцлогт тохируулан, хослуулна гэсэн үг.
Иймээс тамирчинд бэлтгэлээс гадна хоол зүй, сэтгэлзүй, бие организмын байдалд мэргэжлийн баг хамтран ажилладаг.
Монгол Улсад Токиогийн зуны олимпын наадмаас эхлэн Спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээн, судалгааны албаны бүтэн баг ажиллаж эхэлсэн.
Энэхүү алба нь өдрөөс өдөрт үйл ажиллагаа нь өргөжихийн зэрэгцээ гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь хүрээгээ тэлж буй. Энэ чиглэлээр БТСУХ-ны дэргэдэх Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Б.Эрдэнэваанчиг Узбекистан улсад ажиллаад иржээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

Узбекистан улстай спортын шинжлэх ухаан, анагаах ухааны чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлсэн
-Сайн байна уу? Танай төвийн гадаад хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна. Энэ хүрээнд хийгдэж буй зорилтот ажлууд?
-Сайн байна уу. 2025 оны 10 сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо Монгол улсын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв болон БНУУ-ын Үндэсний Олимпын хорооны дэргэдэх Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээ, туршилтын төвийн хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулагдаж спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны салбарт туршлага, мэдлэгээ солилцох хамтын ажиллагаа албан ёсоор эхэллээ.


Энэхүү хамтын ажиллагаа нь САУЭШТ-ийн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх стратеги зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд цаашид бид төв Азийн орнуудтай спортын шинжлэх ухааны чиглэлээр нягт хамтран ажиллах боломжийг нээсэн.
-Ази тивээс гадна Европын спорт өндөр хөгжсөн орнуудтай хамтын ажиллагаа мөн хэрэгжүүлж байгаа юу?
-Тийм. Ялангуяа спортын анагаах ухааны чиглэлээр бол маш өндөр хөгжилтэй байгаа улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлээд явж байгаа. Мөн төвийнхөө эмч, эрдэм шинжилгээний ажилтнуудаа гадны улс оронд богино болон дунд хугацааны сургалтуудад хамруулж байна. 2025 онд бид “Төсөл хөтөлбөрийн жил” болгож зарласан байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын Койка сангийн том төсөлд бас шалгараад энэхүү төсөл маань нийтийн биеийн тамирын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөл.
2 дахь шатны уулзалтыг сая өнгөрсөн 9 дүгээр сард БНСУ-д хийлээ. Маш амжилттай үр дүнтэй ажил болж эхлэлээ тавиад зогсохгүй, 2026 оноос хэрэгжүүлж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.




Б.Эрдэнэваанчиг: Тамирчдын сэргэлт авах түр байр буюу капсулыг байрлуулж өгсөн
-Хамтын ажиллагаанаас гадна Үндэсний шигшээ баг дээр ирэх 2028 оны зуны олимпын наадмын циклд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Үндэсний шигшээ баг дээрээ бид бүхэн сэргэлт ялангуяа ачааллын дараах сэргэлтийг хурдасгах асуудалд маш их анхаарч байна. Мөн гадны сайн туршилт, туршлагуудыг бас судалж байна. Хамгийн сүүлийн жишээгээр авч үзвэл манай Улаанбаатарын хувьд маш их түгжрэлтэй байдаг. Иймээс өглөөний бэлтгэлд ороод, өдөртөө гэртээ харьж, амраад сэргэлт аваад буцаад үдээс хойш бэлтгэлдээ ирж чаддаггүй. Энэ бол шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн гол шүднийи өвчин болоод байсан асуудал.
Ингээд бид хамгийн боломжит хувилбараар шийдээд, төвийнхөө дэргэд тамирчдын түр амрах байр буюу капсулаар амралтын өрөөг зохицуулж өгсөн.




-Тухайн амралтын өрөөнүүдэд капсулуудыг байрлуулснаар тамирчид маань бүтэн 100% бүгд амарч чадахгүй ч гэсэн ядахдаа 20-30 хувьд нь хүрэхүйц бий. Тэгэхээр тамирчид байршуулсан тус капсулуудад амраад, оройны бэлтгэлдээ 100%-ийн сэргэлттэйгээр орох ийм боломжийг бүрдүүлж өгсөн.


-Ер нь эрүүл тамирчнаас тууштай амжилт, ялалт гарна. Тэгэхээр та бүхний ойрын зорилтот ажлуудыг сонирхоё?
-Спортын анагаах ухааны төвдөө шүдний кабинетыг байгуулан ажиллаж байна. Ингэснээр шигшээ багийн тамирчдыг 100 хувь шүдний үзлэг, оношилгоонд хамруулаад байгаа. Бидний хувьд 2021 оны оноос үндсэн шигшээ багууд дээр хийсэн судалгаа бий. Харин одоо манай төв нь судалгаан дээрээ суурилаад дэргэдээ шүдний кабинетыг байгуулснаараа 100% шигшээ багийн бүх тамирчдыг шүдний үзлэг, эмчилгээнд хамруулаад явж байна. Энэ бол маш их үр дүнгээ өгч буй бодит ажил болсон.


-Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас цогцоор нь шинжилгээ судалгааг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Тэгэхээр тамирчны амжилт зөвхөн бэлтгэл сургуулилтаар бус цогц, бүтэн байдлаар өсөн нэмэгдэхнээ?
-Тийм. Тамирчны амжилт, ялалт зөвхөн заалны бэлтгэлээр хэмжигдэж, хязгаарлагдах бус бүрэн бүтэн бодит ажлуудаар үр дүн нь гарах ёстой. Иймээс бид бүхэн, манай төвийн хамт олон зөвхөн хоол зүй, сэтгэлзүй дээр нь анхаараад байх биш, том агуулгаар харж ажилладаг. Хамгийн гол нь эрдэм шинжилгээ, судалгаан дээр суурилах зайлшгүй шаардлагатай. Үүний нэг хэсэг нь гадны орнуудад харилцан туршлага судлах, санал солилцох, тэдний арга барил, сайн туршлага ур чадвараас нэвтрүүлэх нь гол асуудал.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






