
МАН-ын даргын хэрүүл Монголын ажил болоод удлаа. Бага хурлаа хийж, Д.Амарбаясгаланг намын даргаараа бүртгүүлэх болсон ч Г.Занданшатар Бага хурлын шийдийг үл хүлээн зөвшөөрч үзэлцсээр… Энэ хоёр хүний зодооноос үүдэж, парламент нь хүртэл хоёр хуваагдав. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг нэг талаас нь өргөн барьж, нөгөө талаас нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулъя гэх бичиг өргөн барив. МАН-ын бүлэг хоёр долоо хоног хуралдсангүй.
Бүлгийнх нь дарга Ж.Бат-Эрдэнэ өчигдөр /2025.10.14/ гарч ирж, “Бүлэг хуралдаад тодорхой хийдэлд хүрэхгүй. Удирдах зөвлөл хуралдаад бүлэгт чиглэл өгөх хэрэгтэй. Хоёрдугаар, цаад эзэд нь / Г.Занданшатар, Д.Амарбаясгалан/ хоорондоо зөвшилцөх хэрэгтэй” гэсэн юм. Намынх нь гишүүд хүртэл Удирдах зөвлөлөөсөө чиглэл хүлээж буй талаараа ярьж байв.
Харин өчигдөр МАН-ын Бага хурлаас хойш бараа нь ч харагдаагүй Я.Содбаатар олны өмнө гарч ирж, “Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр хуралдвал намын дүрмээ зөрчиж байна гэсэн үг. Удирдах зөвлөлөөс намын бүлэгт чиглэл өгөхгүй” хэмээн ярив.
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /12.00/ цагаас Бүлгээ хуралдуулах зар тараасан ч өчигдөр МАН-ын бүлгийн 36 гишүүн ордонд “сэм” хуралдчихав. Сэм гэдгийн учир гэвээс бүлгийн дарга нь хурал зарлачхаад байхад Г.Занданшатарын талын “хүмүүс” урьтаж хуралдаад Ж.Бат-Эрдэнийг Бүлгийн даргаас чөлөөлчхөв. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү, УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар дараагийн даргаа. сонготол түр хугацаанд бүлгээ удирдуулахаар шийдвэрлэжээ. У.Отгонбаяр нь МАН-ын бүлгийн дэд дарга. Бүлгийн дэгээрээ бүлгийн дарга болон дэд дарга нь ээлжит бус хуралдааны товыг зарлах боломжтой. Тэгэхээр өчигдөр оройны МАН-ын бүлгийн хуралдааныг дэд дарга У.Отгонбаяр зарласан бололтой. Гэхдээ зараа намын бусад гишүүддээ буюу Д.Амарбаясгалангийн талын “хүмүүс”-т” хүргээгүй нь МАН-ын хагарлыг улам бүр тодруулав. Ер нь бол МАН ямар ч даргатай баймааргүй байгаа бололтой. Намын даргагүй, УИХ-ын даргагүй, Ерөнхий сайдгүй, Бүлгийн даргагүй болъё гэж байна. Товчхондоо, МАН ямар ч толгойгүй боллоо. МАН-ын толгойг хайж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалаас ирж байж ч л МАН учраа олж магад бололтой дог…
МАН-ын бүлгийн дэгээр Бүлгийн хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-аас “хөөгдсөн” Б.Энхбаяр нар орж ирсэн нь анхаарал татна.






