
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар үүссэн нөхцөл байдалтай холбоотой дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ төрийн ажилд янз бүрийн яригдаж байгаа асуудлууд дээр тохиролцоо байхгүй гэж бодож байна. Харин намын эв нэгдлийг хангах үүднээс уулзаж, нөхцөл байдлыг дүгнэх шаардлага гардаг. Ийм уулзалтууд хэд хэдэн удаа болсон.
МАН-ын Удирдах зөвлөл таныг огцруулахгүй гэдгийг тодорхой хэлж байна. Учир нь намын дүрмийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Удирдах зөвлөл хуралдах эрхгүй. Учир нь энэ асуудлыг шийдэх эрх нь намын Бага хурлын буюу төлөөллийн төв байгууллагын мэдэлд байдаг. Төлөөллийн төв байгууллагаас Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгогддог ба тэдгээрийг төлөөллийн төв байгууллага нь л сонгодог. Иймд Удирдах зөвлөл намын томоохон шийдвэрүүдийг буруутгах эсвэл өөрчлөх эрхгүй.
Түүнчлэн, УИХ-ын бүлэг нь Удирдах зөвлөлөөс хамааралгүйгээр хуралдаж, шийдвэр гаргах боломжтой. Намын бүлэг нь төрийн ажилд хамаарах асуудлуудыг хэлэлцэн, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө санал зөрөлдөөнөө ярилцдаг. Үүнийгээ бүлгийн хуралдаан дээр шийддэг.
Одоогоор МАН-ын 300 гаруй мянган гишүүн хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ээлжит 31 дүгээр Их хурлын бэлтгэлийг хангах ажлууд хийгдэж байна. Аймаг орон нутгийн сонгуулийн журамд өөрчлөлт оруулж, намын ажил хэвийн үргэлжилж байна.
Парламент дахь 68 гишүүний дунд Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлаар санал зөрөлдөөн гарч байгаа ч үүнийг намын бүлгийн хурлаар ярилцаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцох ёстой.
Намын бүлгийн дарга нь Удирдах зөвлөлд шийдвэр гаргах эрхгүй бөгөөд УИХ-ын тухай хуулиар энэ нь хориглогдсон байдаг. Намын дүрэм, хууль тогтоомжийн дагуу нам, төрийн ажил журмын дагуу явах ёстой.
Харин Баттөмөрийн Энхбаяр гишүүнийг намын Хяналтын ерөнхий хороо хөөх шийдвэр гаргасан ч зарим гишүүд уг шийдвэрийг эргэн харах хүсэлт тавьсан байна. Энэ асуудлыг хариулах эрх нь Хяналтын ерөнхий хорооных бөгөөд бид нар хариулах боломжгүй.
Хяналтын ерөнхий хороо нь намын Их хурлаас байгуулагдсан тусдаа байгууллага тул өөрийн шийдвэрийг эргэн харах эсэх нь тэдний мэдэлд байдаг.
Тиймээс улс орны аливаа асуудал нам төрийн ажлыг дүрэм, хууль, журмын дагуу явах ёстой гэж үзэж байна.
Шинээр сонгогдсон намын дарга Дээд шүүхэд өргөдлөө өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Хуулийн дагуу 60 хоногийн дотор шийдвэр гаргах журамтай” гэв.






