
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Шведэд өнөөдөр багш нар13 сая төгрөгийн цалин авч байна гэж ярьж байна. Монголын багш нар надад чат бичиж, энэ талаар гомдол илэрхийлж байна. Энэ бол үнэхээр эмгэнэл.
Тиймээс дор хаяж 1,000 ам.долларын цалинд хүргэх хэрэгтэй гэж ярьж байгаа юм. Боловсролын сайд өчигдөр мэдээлэл хийхдээ “багш нар улс төржиж ажил хаяж байна” гэж хэлсэн. Үнэндээ нөхцөл байдал улс төржсөн нь үнэн. МАН дотроо хоёр хуваагдаж, манай нам ч хүлээлтийн байдалд орсон. Бид өөр намын дотоод асуудалд оролцох боломжгүй. Тиймээс Ардын намын дотоод зөрчлийн дунд багш нар оролцох шаардлагагүй гэж зарим хүн хэлж байна.
Гэхдээ энэ бол улс төрийн асуудал биш. Багш нарын цалин нэмэгдэх ёстой цаг нь болсон. Улс төртэй ч бай, улс төргүй ч бай багш нарын тэмцлийг үргэлж ийм маягаар дардаг. Тиймээс одоо бол багш нарын тэмцэх цаг нь ирсэн. Энэ нь зөв гэж би үзэж байна.
Хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж яригдаж байгаа. Гэвч багшийн эрхийг хамгаалахгүй бол хүүхдийн эрх ч мөн адил зөрчигдөнө. Багшийг хайрлаж, хамгаалах үүргээ төр, засаг биелүүлж, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах ёстой. Ингэснээр багш нар ажлаа үргэлжлүүлэн хийх нөхцөл бүрдэнэ” гэв






