
Сэтгүүлч Э.Булган Төрийн ордноос мэдээлэл дамжуулах үеэр Боловсролын сайд П.Наранбаяраас дараах асуултыг асуулаа.
-Багш нар ажил хаях гэж байна. Багш нар ажил хаявал хүүхдүүд яах вэ?
-Ажил хаялтын талаар бид үйлдвэрчний эвлэлд албан ёсоор мэдэгдсэн. Одоо Хөдөлмөрийн арбитрын түвшинд асуудлаа шийдэх ёстой. Ажил хаялт гэдэг бол бүх боломж дуусаж, асуудлыг шийдэх гарцгүй болсон үед авдаг эцсийн арга хэмжээ. Энэ удаад асуудал Хөдөлмөрийн арбитрын шатанд явж байгаа тул хууль бус ажил хаялт болох магадлал өндөр гэдгийг би өчигдөр мэдэгдсэн.
Ажил хаяснаар асуудал шийдэгдэхгүй. Илүү ажил хэрэгч, бодит нөхцөлд тулгуурлан, хамгийн оновчтой аргаар хамтран ажиллая гэж уриалж байна. Иймээс бид хамтын хэлэлцээрийн хүрээнд нэмэлт хэлэлцээр байгуулах санал гаргасан. 2025 оны 2-р сард нэг нэмэлт хэлэлцээр байгуулсан бөгөөд шаардлагатай бол дахин байгуулж, цалингийн асуудлыг хэлэлцээний замаар шийдэх боломжтой.
Ажил хаялт хийх нь хүүхдийн аюулгүй байдалд, ялангуяа сургуулийн өмнөх боловсролын түвшинд ноцтой эрсдэл үүсгэнэ. Эцэг эхчүүдийн ажил, нийгмийн бүтээмж ч хохирно. Энэ бүх шалтгаанаар, одоогоор арбитрын шатанд явж байгаа үед ажил хаялт зохимжгүй гэж үзэж байна. Гэр бүл, НХХЯ-наас ч энэ байр суурийг илэрхийлсэн.
Үйлдвэрчний эвлэл ажил хаях эсэхийг өөрсдөө шийднэ. Гэхдээ Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн дагуу ажил хаялтын процесс бүрэн хэрэгжээгүй байгааг анхаарах хэрэгтэй. Одоо хугацаа, хэлэлцээ тохироогүй байхад багш нар ажил хаявал олон хүн, хүүхэд нөлөөлнө. Зарим эцэг эхчүүд ажил хаялтыг ойлгож байгаа ч нийт салбарт 1.3 сая орчим хүн суралцаж байгааг бодолцох хэрэгтэй.
Бид үйлдвэрчний эвлэлийн холбоонд дахин уриалж байна. Ажил хаялт бол хамгийн эцсийн арга. Харин хэлэлцээ хийж, нэмэлт хэлэлцээр байгуулан асуудлаа шийдье. Цалин нэмэх тухайд би байнгын хорооны хурлаар өөрийн байр суурийг илэрхийлсэн. Мөн УИХ дээр энэ асуудлыг шийдэх боломж бий.
Асуудлаа хэлэлцээний ширээний ард шийдье. Шууд ажил хаях нь зохимжгүй. Сангийн сайд ч хоёр удаа 25 хувиар цалин нэмэх боломжгүй гэдгийг хэлсэн. Төр бол асуудлаа ярилцаж шийддэг бүтэц.






