
Өнгөрсөн даваа гарагийн өглөө Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвас дахь дайныг дуусгах АНУ-ын боловсруулсан төлөвлөгөөний дагуу Израилын 20 иргэнийг барьцаанаас суллажээ.
Тэдгээр 20 иргэн нь ХАМАС бүлэглэлийн 2023 оны 10-р сарын 7-ны халдлагын үеэр барьцаалагдаж, олзонд 2 жилийг өнгөрүүлсэн юм. Ингэхдээ ХАМАС бүлэглэл амьд үлдсэн барьцааны бүх хүмүүсийг сулласан гэдгээ мэдэгдсэн байна. Үүний хариуд Израил палестины 2000 орчим хоригдлыг суллажээ.
Тэдгээр хоригдлуудын дийлэнх нь 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Газын зурвасаас баригдаж ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хоригдсон палестинчууд бөгөөд үлдсэн 250 нь онц ноцтой хэргээр олон жилийн хорих ял эдэлж байсан хоригдлууд аж.
Израилын шоронд олон сар жилээр хоригдсоны эцэст суллагдсан гэр бүлийн гишүүд, нутаг нэгтнээ угтахаар олон мянган палестинчууд Йорданы баруун эрэг болон Газын зурвасын Нассер эрүүл мэндийн төвийн гадаа цуглажээ.
Газын зурвас дахь дайныг дуусгах төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн даваа гарагт Израилд хүрэлцэн ирж, Израилын парламентын чуулганд үг хэлснийхээ дараа Египетийн Шарм эль Шейх хотыг зорьж, Египет, Катар болон Туркийн төрийн тэргүүнүүдтэй Газын зурваст гал зогсоох тухай тунхаг бичигт гарын үсэг зуржээ.
Тэрээр, “Хамтдаа бид боломжгүй гэгдэж байсан зүйлийг боломжтой болгож чадлаа. Эцсийн эцэст Ойрх Дорнодод энх тайван тогтлоо.” хэмээн дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүнүүдийн өмнө мэдэгджээ. 2023 оны 10-р сарын 7-ноос хойш Израилын Газын зурваст үзүүлсэн агаарын цохилтуудын улмаас тус бүс нутагт 67 869 хүн амь үрэгдэж, Газын зурвасын барилга байгууламжуудын дийлэнх нь сүйдэж, хүн ам нь хүмүүнлэгийн хямралтай нүүр тулсан билээ.
Шарм эль Шейх хотод болсон чуулганы дараа Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси палестинчууд эрх чөлөөгөө эдэлж, Израилтай хөрш зэргэлдээ орших тусгаар улсдаа аюулгүй бөгөөд харилцан ойлголцолд аж төрөх бүрэн эрхтэй хэмээн мэдэгджээ.
Шарм эль Шейх хотод болсон чуулга уулзалтад ХАМАС болон Израилын төлөөлөгчид оролцоогүй бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Ерөнхийлөгч Д.Трамп тус чуулганд Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхуг урьсан явдлыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эсэргүүцсэн аж.






