
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнгөрсөн есдүгээр сард 15,750,000.00 төгрөгөөр “Салбарын шагналын тэмдэг, үнэмлэх” авчээ.
Тус мэдээллийг https://shilendans.gov.mn/organization/4076?ry=2025&group=117&rfor=6593&rf=1116&rm=9 сайтаас харж болохоор байна.
Шилэн дансны мэдээлэлд таван саяас дээш гүйлгээ гэсэн хэсэгт байх аж. Ингэхдээ тус мөнгөн гүйлгээг “Цэц тэнгэр” ХХК-ийн данс руу хийсэн байгаа юм.
Мөн тус сард 170,477,500 төгрөгөөр Төв аймагт Иргэдийн спортын их наадам зохион байгуулжээ.

НЭМЭЛТ: Энэхүү мэдээнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тодруулга мэдээлэл өглөө.
“Засгийн газрын шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан”, “Тэргүүний ардын авьяастан”, “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан”, “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” болон яамны жуух бичгийг салбарын сайдын тушаалаар олгодог. “ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ” хуульд “10.2.Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно.” гэж заасан байдаг.
Засгийн газрын 2025 оны 174 тогтоолын хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн хүрээлэн”-гээс Төвийн бүсэд энэ оны 5 сард зохион байгуулсан “Иргэдийн спортын наадам”-ын мөнгийг Сангийн яамнаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамаар дамжуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо руу шилжүүлсэн болно” гэлээ.






