
Д.Трамп Ойрх Дорнодыг зорьжээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ойрх Дорнодыг зорьжээ. Тэрээр Израилд айлчилж, тус улсын парламентын чуулганд үг хэлснийхээ дараа Египетэд болох олон улсын чуулга уулзалтад оролцохоор хөдлөх аж.
Ерөнхийлөгч Д.Трамп Израилд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө буух ба тэрээр ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсаныхаа дараа Израилын парламентын чуулганд оролцож, үг хэлэхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын санал болгосон Газын зурвас дахь дайныг дуусгах төлөвлөгөө өнгөрсөн баасан гарагийн үд дундаас хэрэгжиж эхэлсэн ба талууд галаа зогсоосноос хойш 72 цагийн дотор ХАМАС бүлэглэл барьцаанд үлдсэн 48 иргэнийг суллах ёстой аж.
Израилын Батлан хамгаалахын сайд Израил Катц ХАМАС барьцаанд байгаа бүх иргэдийг суллаж дууссаны дараа Израилын арми Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн газар доорх бүх байгууламж, хонгилуудыг устгана гэжээ.
Өнгөрсөн ням гарагаас эхлэн Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж ачсан машинууд орж эхэлсэн байна. НҮБ-ын тооцоолсноор Газын зурваст үүссэн хүмүүнлэгийн хямралыг давахын тулд өдөрт багадаа 600 ачааны машин тусламж оруулах шаардлагатай аж.
Израилд хийх айлчлалынхаа дараа Д.Трамп Египетийн Шарм Эль Шейх хотод болох олон улсын чуулганд оролцох юм. Уг чуулганд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг 20 гаруй орны төрийн тэргүүнүүд оролцож, Газын зурвас дахь дайныг дуусгаж, энхийг тогтоох асуудлыг хэлэлцэх аж.






