
Өнгөрсөн бямба гарагийн шөнө Костя Кудо нэрээрээ алдартай Украины крипто бизнес эрхлэгч, 32 настай Константин Ганич нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар түүний цогцсыг өөрийнх нь нэр дээр бүртгэгдсэн гар бууны хамт Lamborghini Urus машиных нь дотроос олсон байна.
Цагдаагийн газрын албан ёсны сайт дээр бичсэнчлэн өнгөрсөн бямба гарагийн өглөө хууль сахиулагчид толгойндоо бууны шархтай, 32 настай эрэгтэйн цогцсыг автомашиных нь салоноос олсон ба талийгаач нь криптовалюттай холбоотой бизнес эрхэлж, блог хөтөлдөг байсан нь тогтоогдсон гэжээ. Тэрээр нас барахаасаа өмнө ар гэр, ойр дотнынхондоо мөнгө санхүүгийн асуудлаас болж сэтгэл санаа таагүй байгаа тухайгаа хэлж, бүгдэд нь сүүлчийн захиас илгээсэн байжээ.
К.Ганич Cryptology Key академийг үүсгэн байгуулсан ба “Украины трейдерүүдийн холбоо”-г удирдаж байсан аж. Тэрээр Украинд цорын ганц байдаг, 15 сая гривнийн үнэтэй Ferrari 296 GTB автомашиныг эзэмшдэг байжээ.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын импортын барааны татварыг 100 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа зарласантай холбоотойгоор криптовалютын болон томоохон компаниудын хувьцааны үнэ огцом унаж, Америкийн үнэт цаасны бирж 1.65 их наяд ам.доллар, крипто бирж 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм.
Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Д. Трампын мэдэгдлийн дараа К.Ганич багадаа 30-65 сая ам.доллар алдсан байж болзошгүй талаар бичжээ.
Эх сурвалж: RTVI






