
Монгол Улс анхны хиймэл оюун ухааны “Эгүнэ” чаттай болжээ. Тус чатыг хийсэн “Болор толь”, “Болор Софт” “Чимэгэ Системс”, “Эгүнэ Оюун” компанийг үүсгэн байгуул С.Бадралтай ярилцлаа.
Түүний хувьд “Болор толь”, “Болор Софт” компанийг үүсгэн байгуулж, монгол хэлний технологийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн. Тэрбээр монгол хэлний боловсролыг технологитой хослуулах, цаашлаад монгол хэлээр ярьдаг, сэтгэдэг виртуал монгол хүн бүтээх зэрэг томоохон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү ярилцлагын текстийг “Чимэгэ” хөрвүүлэгч ашиглан буулгаж, “Эгүнэ чат”-аар алдааг нь хянуулан ердөө 30 секундийн дотор бэлэн болголоо.
Апп татах: https://egune.com/app
-Юуны өмнө баярлалаа, бидэнтэй ярилцах цаг гаргасанд. Эгүнэ гэх нэр сүүлийн үед олон нийтийн анхааралд их орж ирэх болсон. Тэгэхээр эхлээд хамгийн энгийн асуултаар ярилцлагаа эхэлье. Эгүнэ яг юу вэ, ямар технологи ашигладаг вэ?–Эгүнэ бол Монгол хэл дээр суурилсан хиймэл оюун ухааны платформ. Эгүнэ LLM буюу “Large Language Model” дээр суурилж ажилладаг. Манай баг 20 жилийн өмнөөс Монгол хэлний технологийг хөгжүүлэх ажилд орсон. Үүн дээр суурилж 2021 онд Эгүнэ-г байгуулсан. Анхны чатбот маань 2022–2023 онд гарч ирсэн.
-Сүүлийн үед улс төртэй холбох хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, Улаанбаатар хотын 383 жилийн ойн арга хэмжээ дээр танай технологийг ашигласантай холбоотойгоор Сумъяабазартай холбох тохиолдол гарсан. Үнэндээ энэ ямар учиртай байсан юм бэ?
–Тэр бол ганц удаагийн, зөвхөн технологийн туршилтын зориулалттай оролцоо байсан. Бид тухайн үедээ “Эгүнэ Смарт Хоум” гэх технологио танилцуулж, гэрэл, хөшиг, төхөөрөмжүүдийг удирддаг ухаалаг шийдлийг олон нийтэд үзүүлсэн. Тэр арга хэмжээн дээр микрофоны доголдол гарч, видео бичлэг цацагдахад буруу ойлголт төрсөн. Эгүнэ нь төрөөс ямар ч санхүүжилт авдаггүй, 100% хувийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлэгдсэн, улс төрөөс ангид технологийн компани.


-Хиймэл оюуныг хөгжүүлнэ гэдэг бол зөвхөн санаачилга биш, их хэмжээний хөрөнгө, нөөц шаарддаг зүйл. Танай компанийн хувьд ямар зам туулсан бэ?
–Бид энэ ажлыг зах зээлийн жамаар эхлүүлсэн. Болорсофт, Чимэгэ, Голомт банк зэрэг байгууллагууд хамтран хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ бараг 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. 20 жилийн турш цуглуулсан өгөгдөл, судалгаа, программчлалын туршлагын үндсэн дээр л энэ том систем бий болсон.
-Эгүнэ Chat гэж яг юу вэ? Чат GPT-тэй хэр зэрэг ижил төстэй эсвэл ялгаатай вэ?
–Эгүнэ Chat бол Монгол хэл дээр гүн боловсруулалт хийдэг чатбот. Том хэлний загвар буюу LLM ашиглан ажилладаг. Яг ChatGPT-тэй төстэй зарчмаар ажилладаг ч монгол хэлний орон зайг онцгойлон шийдэж өгсөн. Мөн бид байгууллагуудад зориулсан туслах хиймэл оюун “Эжентүүд” ч хөгжүүлж байна. Жишээлбэл, хуульч, багш, хүний нөөцийн туслах гэх мэт.
-Монгол хэл дээр мэдээлэл үнэн зөв, найдвартай байх нь том давуу тал. Эгүнэ энэ тал дээр ямар онцлогтой вэ?
–ChatGPT мэтийн глобал модель Монголын тухай мэдээлэл дутуу, заримдаа буруу ойлголт өгдөг. Харин Эгүнэ бол монгол хэлний өгөгдөл дээр суурилсан, монгол соёлыг ойлгодог, монгол хэлээр сэтгэдэг модель. Орчуулгын зарчим биш, шууд эх хэл дээр нь ойлгох загвар шүү дээ. Тийм ч учраас илүү найдвартай, үнэн зөв.
-Аюулгүй байдлын асуудлыг хүмүүс их сонирхож байна. Өгөгдөл, хувийн мэдээлэл хэрхэн хамгаалагддаг вэ?
–Эгүнэ-гийн бүх өгөгдөл Монгол Улсад байрлах дата төвд хадгалагддаг. Гадагшаа ямар ч өгөгдөл гарахгүй. Хуулийн дагуу бүх мэдээлэл Монголд үлддэг. Төрийн байгууллагууд ч яг энэ шаардлагыг тавьдаг. Тиймээс бид дотоодын сервер, дата хамгаалалт дээр олон улсын түвшний шийдлүүдийг ашиглаж байна.
-Эгүнэгийн моделийг ChatGPT гэх мэт том платформуудтай харьцуулахад хэр нөөц шаарддаг вэ?
–Манай загвар GPT-4-той харьцуулахад 20-30 дахин бага нөөц ашигладаг. Тиймээс цахилгаан, ус, дата нөөцийн хувьд байгаль орчинд ээлтэй. Хэрэглэгч 1 асуулт асуухад 20-30 дахин бага нөөц хэрэглэдэг. Энэ бол бидний стратегийн гол давуу тал.
-Та бүхэн цаашид олон хэл дээр ажиллах уу? Гадаад зах зээл рүү чиглэх үү?
–Тийм. Одоогийн байдлаар Эгүнэ англи, испани, франц, орос, хятад, япон, солонгос зэрэг томоохон хэлүүдийг дэмждэг. Цаашдаа төв Азийн болон жижиг хэлүүд рүү орох зорилготой. Гэхдээ бид “босоо” стратеги барьж байгаа — эхлээд тухайн хэлийг гүнзгий ойлгож, соёл, түүхтэй нь хамтад нь сайн сургаад дараа нь дараагийн хэл рүү орно.
-Эгүнэг хэрхэн ашиглавал залуучуудад илүү үр дүнтэй байх вэ?
–Залуучууд Эгүнэг мэдлэг олж авах, бүтээлч байдлаа нэмэгдүүлэх, ажлын бүтээмжээ өсгөх зорилгоор ашиглаж болно. Жишээ нь, эссе, имэйл, код бичүүлэх, математикийн бодлого бодуулах гээд маш олон хэрэглээ бий. Харин яг ямар үр дүнд хүрэх нь тухайн хүний бүтээлч байдлаас хамаарна. Бид суурийг нь тавьж өгч байгаа.






