
Филиппинд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг гаргажээ
Филиппиний хоёр дахь том арал Минданао арал дээр баасан гарагийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Давао Ориентал мужаас зүүн өмнөд зүгт 62 км зайд 10 км гүнд бүртгэгдсэн байна.
Филиппиний газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах агентлаг төвийн болон өмнөд бүс нутгуудын далайн эргийн хотуудын иргэдэд өндөрлөг газар луу нүүн шилжихийг зөвлөжээ. Хонолулу дахь Номхон далайн Цунамигаас сэрэмжлүүлэх төв газар хөдлөлтийн голомтоос 300 км радиуст цунами болох аюултайг анхааруулжээ.
Филиппиний эргээр далайн давалгаа 3 м хүртэлх өндөрт хүрч болзошгүй аж. Филиппиний Себу арал дээр хоёрхон долоо хоногийн өмнө 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, 72 хүн амь үрэгдсэн билээ.






