
В.Путин Азербайжаны зорчигч тээврийн онгоцыг Оросын пуужингууд унагасан болохыг хүлээн зөвшөөрчээ
2024 оны 12-р сард Казахстаны Актау хотын ойролцоо Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц осолдсон явдалд ОХУ буруутай болохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Таджикистанд хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй хийсэн уулзалтынхаа үеэр Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц Оросын агаарын зайд осолдсон явдалд уучлалт хүсэж, ослын улмаас амь үрэгдсэн иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсныг онцолжээ.
2024 оны 12-р сард Бакугаас Грозный руу нисэж байсан Embraer E190 зорчигч тээврийн онгоцны ослын улмаас 38 хүн амь үрэгдсэн юм. Ослын дараа Баку уг зорчигч тээврийн онгоц нь оросын агаарын довтолгооноос хамгаалах системд оногдож осолдсон хэмээн мэдэгдэж, ОХУ-ыг хариуцлага хүлээхийг шаардсан ч Москва буруугаа хүлээхээс зайлсхийсээр байсан юм. Ерөнхийлөгч В.Путины хэлснээр онгоц осолдоход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн аж.
Нэгдүгээрт Оросын агаарын зайд украины дронууд орж ирсэн байсан, Хоёрдугаарт Оросын агаарын довтолгооноос хамгаалах системд техникийн доголдол гарч, украины дроныг устгах ёстой байсан хоёр пуужин Azerbaijan Airlines онгоцноос 10 орчим метрийн зайнд дэлбэрч, пуужингийн хэлтэрхийнүүд онгоцыг оножээ.
Нисгэгч пуужингийн хэлтэрхийнүүдийг сүрэг шувуутай мөргөлдлөө гэж таамагласан нь хар хайрцагт бичигдэн үлдсэн байна.
Оросын талаас Embraer E190 онгоцны нисгэгчид Махачкалад газардахыг зөвлөсөн ч нисгэгч буцах шийдвэр гаргаснаар онгоц Казахстаны нутаг дэвсгэрт осолджээ. Оросын талаас ийм тохиолдолд нөхөн төлбөр олгох, зохих албан тушаалтнуудыг хууль шүүхийн байгууллагуудад шалгуулж, хариуцлагыг нь хүлээлгэх зэргээр шаардлагатай бүх зүйлсийг хийх болно хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгджээ.






