
Израиль, ХАМАС хоёр Газын зурвасын дайныг зогсоох Д.Трампын төлөвлөгөөг дэмжжээ
Израилын засгийн газар болон Палестины ХАМАС бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны Газын зурвас дахь дайныг зогсоох төлөвлөгөөг дэмжсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын мэдэгдсэнээр ХАМАС бүлэглэл төлөвлөгөөний дагуу ирэх даваа эсвэл мягмар гараг гэхэд барьцаанд үлдсэн израилын иргэдийг бүгдийг нь суллах аж. Газын зурвасын дайныг зогсоох төлөвлөгөөнд эхний шатанд Тель Авив Израилын шоронд хоригдож байгаа олон зуун палестинчуудыг сууллаж, цэргүүдээ Газын зурвасаас гаргаж, Газын зурвас руу орох хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх юм. ХАМАС бүлэглэлийн зүгээс амьд үлдсэн барьцааны иргэдийг, амь үрэгдсэн иргэдийн цогцоснуудтай хамт Израилд шилжүүлэхээр бэлтгэж байна. Хоёр жилийн турш дайнд тулааны хүнд хэцүү нөхцөлд амьд үлдэж чадсан Газын зурвасын иргэд Израил, ХАМАС хоёр Газын зурвас дахь дайныг зогсоох төлөвлөгөөг дэмжсэн явдлыг баярын нулимс, дуу хууртай угтжээ.






