
Мэргэжлийн холимог тулааны “Black Combat” холбооны ерөнхийлөгч Баг Пён Хуа: “Дайчин Монгол”-ын эрэлд гарах зорилгоор тал нутагт ирсэндээ баяртай байна
Мэргэжлийн холимог тулааны спортод Монголчууд дайчин, хөдөлмөрч, амжилттай гэдэг нь олон ч тулаан, тэмцээнээс харагдаж буй.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн спорт илүү ахисан түвшинд хөгжиж, нөгөө талаараа шоу энтертайнмент тал руугаа тэсрэлт хийж байгаа билээ. Тэр ч утгаараа мэргэжлийн холимог тулаанд Монголын нэрээ дуурсгаж яваа олон олон залуус цахиурж хагалж байгаа.
Тэдний нэг нь мэргэжлийн холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ. Тэрбээр Монгол эх орныхоо олон залууст улс дамжсан гүүр нь болохын сацуу өөрийнхөө амжилт, ялалт, карьерээр эерэг үлгэр дуурайлал болж яваа.
Саяхан түүний албан ёсоор элсэн орж, нэгэн эд эс нь болсон мэргэжлийн холимог тулааны “Black Combat” холбооны ерөнхийлөгч Баг Пён Хуа болон холбогдох зочид Монголд ирээд буцсан.
Ингэхдээ ирэх 2026 онд зохиогдох “Black Cup” холимог тулааны ДАШТ-нд 8 жинд өрсөлдөх дайчин Монголыг шалгаруулахаар сорилго тулаан зохион байгуулсан юм. Ингээд бид түүнтэй уулзаж, цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу? Улаанбаатарт ирсэн зорилгынх нь талаар сонирхоё?
-Сайн байна уу. Юуны өмнө ирэх жил нээлтээ хийх холимог тулааны “Black Cup” холимог тулааны ДАШТ-д оролцох Монголчуудыг сонгон шалгаруулахаар ирсэн. Тус тэмцээнд дэлхийн 8 улс оролцоод эдгээр улс орнуудаас хамгийн хүчтэй тамирчныг шалгаруулдаг. Мэдээж энэ том тэмцээнд Монголчууд зайлшгүй оролцох хүчтэй өрсөлдөгчид учраас тэднийг ерөөсөө алгасаж болохгүй.
-Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголд ирээд маш их баяртай байгаа. Би өөрөө энэ улсын түүхэнд маш дуртай хүн. Тэгээд Чингис хааны нутагт ямаршуухан байдаг юм. Ер нь ирж үзэхийг маш ихээр хүсэж байсан. Тэгээд энд ирээд, Монголыг хараад, тал нутгийг нь хараад сэтгэгдэл өндөр байна.


-Сонгон шалгаруулалтаа хийгээд тэндээсээ шалгарсан нь ирэх жил хүч үзэхнээ?
-Тийм. Монгол тамирчид маш хөдөлмөрч, тууштай. Тиймээс ч би тэдэнд “Дайчин монгол” гэдэг нэр хайрлачихсан. Энэ сонгон шалгаруулалтаас оролцох 8 тамирчнаа сонгоод баг болгон ДАШТ-д өрсөлдүүлнэ.
-Тэгэхээр дан ганц ирэх жилийн цомын тэмцээн биш мөн танай холбоонд албан ёсоор харьяалагдана гэсэн үг үү?
-Монголын шигшээ баг тус тулаанд өрсөлдөнө. Солонгост болох тэмцээнд оролцвол шагналын сан ч өндөр. Тодруулбал, 100 сая воноос 300 сая вон хүртэлх шагналтай. Тэгээд яг энэ спортдоо тууштай, тасралтгүй хичээллээд, үргэлжлүүлээд явбал Солонгостоо ч нэлээд нэр хүндтэй болох боломжтой. Солонгос улсад амьдраад, спортоороо хичээллээд явах боломжийг бүрдүүлж өгч байгаа.
-Солонгос улсад тэр дотроо танай холбоо мэргэжлийн холимог тулааныг бүр цогцоор нь зохион байгуулдаг. Ингэж хэлдгийн учир нь шоу энтертайнмент арга хэмжээгээ ч давхар, онцлогтой хослуулдаг?
-Манай холбооны хамт олон хёорын хооронд үйл ажиллагаа зохион байгуулдаггүй. Аливаа зүйлд нухацтай цогцоор нь ханддаг. Тиймээс ч том дүр зураг, том агуулгаар Монголд зорьж ирсэн.
Монгол тамирчдыг Солонгос руу дагуулж ирээд, тэнд очоод бэлтгэл сургуулилтад хамруулаад, дэлхий нийтэд од болох хэмжээнд хүрэх зорилготой ажилладаг.
Тийм болохоор манай холбоо үйл ажиллагаагаа цогцоор нь хардаг. Маркетингаа мөн сошиал нэтворкоо ашиглаад олон түмний дунд илүү од болгоход бэлэн байна.


-Монгол тамирчдын тухайд үнэлж, дүгнэж явдаг сэтгэгдлээ хуваалцана уу?
-Монголын тамирчид сая урьдчилсан спарингаар сэтгэлийг маань нэлээд хөөргөж өглөө. Энэ улсын тамирчид нэлээн хүчирхэг. Бас би тэдний дайчин зан чанарт нь дуртай.
Ярилцсанд баярлалаа.


Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






