
Германы иргэншлийг түргэвчилсэн байдлаар олгох журмыг цуцалжээ
ХБНГУ-ын парламент өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаараа ХБНГУ-ын иргэншлийг 3 жилийн дотор буюу түргэвчилсэн байдлаар олгох журмыг цуцалж, Герман улсын цагаачлалын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Deutsche Welle агентлагийн мэдээлснээр цагаачлалын хуульд өөрчлөлт оруулах эсэхийг бундесрат буюу ХБНГУ-ын муж улсуудын төлөөлөл эцэслэн шийдвэрлэх аж.
2024 оны 1-р сард бундестаг ХБНГУ-ын иргэншил олгох үйл явцыг хөнгөвчлөх хуулийн төслийг баталсан байна. Уг хуулийн дагуу гадаадын иргэн нь Герман хэлийг C1 түвшинд эзэмшиж, сайн дурын ажилд идэвхтэй оролцох зэргээр тавьсан бүх шалгууруудад тэнцэж чадсан бол 3 жилийн дотор ХБНГУ-ын харьяат болох боломжтой байсан юм.
2025 оны 4-р сард эвссэн Германы Христийн Ардчилсан холбоо нам болон Социал демократ намынхан ХБНГУ-ын иргэншлийг 3 жилийн дотор олгох тухай хуулийн төслийг цуцлах тохиролцоонд хүрчээ.






