
Э.Энхтөмөр: Ажилсаг, хөдөлмөрч Архустчуудаар чимсэн нутаг минь дэндүү сайхан
Намар цагийн налайсан, наран ээсэн имй л өдрүүдэд сайхаан. Төв аймгийн Архуст сум гэж уншигч авхай та бүхэн дуулсан байх.
Амттай шар манжингаараа алдартай Архустчууд намрын энэ өдрүүдэд түмэн завлгүй, ажил хөдөлмөрийн уурхайд тодоос тод гялалзан сууна.
Энэ л нутгийн үржил шимт хөрс шороо юу, тансаг зөөлөн салхи уу, хөдөлмөрч малчид, тариаланчдын ажлын үр дүн үү, хамтач сэтгэлгээтэй нутгийн зон олны хүнлэг сэтгэл үү. Ёстой л энэ бүхэн нэгэн дор цогцлоон байж гэмээнэ амжилттай тариа, ногоо ургацаа хураан авч байгааг харах бахдам байлаа.
Тус сум Монгол орны ой хээрийн бүсээс тал хээрт шилжих завсарын бүсэд оршдог. 82728 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 108 км замыг туулан зорьсон газраа бид очлоо. Архуст сумын эдийн засгийн гол үнлэс нь мал аж ахуй бөгөөд дэд бүтэц сайн хөгжсөн тул 2009 оноос газар тариалан сайн хөгжих үндэс тавигджээ.
Цаашдаа дунд болон урт хугацаандаа газар тариалангаас гадна эрчимжсэн мал аж ахуйг шат шатаар хөгжүүлэхээр зорилт тавьсан. Мөн нэмээд нутагтаа ирж ажил мэргэжлээрээ ажиллах залуу боловсон хүчнээ түрээслээд өмчлөх орон сууц, байраар хангахаас авхуулаад дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр зорилтот төлөвлөгөө боловсруулан ажиллаж буйгаа Архуст сумын Засаг дарга Э.Энхтөмөр онцолж байв.

-Сайн байна уу? Ургац хураалтын ажил ид өрнөж байна даа?
-Сайн байна уу. Ажилсаг хөдөлмөрч, Архустчууд бүгд л хоногийн 24 цаг багадах хэмжээнд тариа, ногоогоо хураагаад эд ажил өрнөж байна. Энэ жилийн хувьд цаг агаарын тухайд их онцлог байлаа. Газар тариалангийн салбарт хавар, намартаа бас зундаа бага хур бороо орсон нь нийт нутаг орноор гандуу байх гол шалтгаан болсон. 8 дугаар сарын сүүлээр 9 сарын эхээр орсон бороо газар тариаланд маань нэлээдгүй нэмэр боллоо. Тэжээлийн ургамал тариалж байгаа сумын хувьд өдийд ургац хураалтын ажил ер нь шувтрах шатандаа орчихсон явж байдаг бол энэ жил ургац хураалт 9 дүгээр сарын сүүлчээр эхэлсэн. Жил жилийн байгаль, цаг уурын онцлог гэж байна.
-Танай сумынхан энэ жил хэдэн га талбайд тариалалтаа хийсэн бэ?
-Энэ жил Архуст сумын маань хувьд 14 500 га-д тариалалт хийсэн. Мөн бид энэ жилийн тухайд хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлуудыг сум орон нутагтаа хийж, хэрэгжүүлээд ажлууд маань урагшлаад явж байна.
Зарим төсвийн байгууллагууд дээрээ дулааны нэгдсэн төвгүй байсан. Иймээс энэ жил бид нэгдсэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд дулаан, цэвэр, бохир, дулаантайгаа холбогдох гээд ажил ид өрнөөд явж байна.
-Тэгэхээр ургац хураалтаас гадна сумын дэд бүтэц, бусад асуудлаар ажлууд нь хэр урагшилж байгаа вэ?
-Архуст сумын хувьд 4 жилийн хугацаанд бид нар дунд болон урт хугацааны бодлогын бичиг баримтуудаа 2025 онд гаргаад, үүнийгээ хэрэгжүүлэх зорилго зорилтуудаа дэвшүүлээд явж байгаа.
Сумын маань хувьд 1600 орчим хүн байнгын оршин сууж, ажиллаж, амьдардаг. Тднээс маань 400 гаруй нь мал аж ахуйгаа эрхэлдэг малчин өрхүүд. Харин сумандаа хавар ургац тариалалт болон намрын хураалтан дээр 3000 орчим хүнийг түр ажлын байраар нэмж хангадаг даа. Энэ хүрээнд ойролцоо сумдаасаа
болон нийслэлээс ажиллах хүч татаж байна. Зарим хэсгээр ургац их, тун сайн. Харин зарим газраараа ургац хураалт бол 100% алдсан, гангийн нөхцөл байдалд нэрвэгдсэн ч гэдэг юм уу ийм дүр зураг бий. Харилцан адилгүй л байна. Гэхдээ байгалиас илүү баян зүйл гэж байхгүй. Энэ байгалийн өгч буй, сайхан баялаг шимийг бүгдийг нь сайхан хурааж авах гээд л зүтгэцгээж байна даа.


-Бодлогын хувьд Архуст сум ямар ямар чиглэлээр хөгжиж, шат шатаар ахиж байна вэ?
-Манай сум мал аж ахуй болон газар тариалангийн гэсэн хоёр салбар дээр тогтдог. Энэ хоёр салбар хоорондоо бие биеийгээ нөхөж явдаг. Тэгэхээр бид нар ирэх он жилүүдэд бодлогын бичиг баримтаа 2 салбарыг хослуулж хэрхэн яаж өндөр бүтээмжтэй, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлсэн, үйлдвэржсэн илүү хөгжүүлж явах вэ гэдэг дээр гаргаад явж буй.
Засгийн газраас энэ онд “Атрын IV” аяныг зарласан. Энэ аяны гол зорилго нь ХАА–н салбарыг эрчимтэй хөгжүүлье, уламжлалт мал аж ахуйгаа бид нар нэмүү өртөг шингээснээр хэрхэн, яаж хөгжүүлэх вэ, яаж илүү санхүүгийн нөхцөл байдлыг нэмэгдүүлэх вэ зэрэг ажлууд дээр бодлогын бичиг баримтууд гарсан байгаа.
Ирэх он жилүүдэд бид нар газар тариалангаасаа үйлдвэрлэлийн шат руу шилжинэ. Эргээд мал аж ахуйн салбараа хагас эрчимжсэн байдал руу шилжүүлэн Улаанбаатар хотыг хүнсээр хангадаг. Махны зах зээл, хүнсний зах зээл дээр ханган нийлүүлэгч сум болох зорилт тавиад хөдөлмөрлөж байна даа.


-Архуст суманд төрийн албанд яг мэргэжлээрээ нутагтаа эргээд ирж ажиллаж буй залуусын тоо нэмэгдэж байна уу?
-Сумын хэмжээнд төрийн албанд ажиллаж буй нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь залуучууд бий. Хөдөө орон нутагт ажиллахын давуу тал олон байна. Орон нутагт ажиллаж буй хүмүүс нэгт цэвэр агаарт, хоёрт стрессгүй, ажилдаа 1-2-хон минутын дотор ирж байна. Хаашаа л харна, амгалан тайван орчинд сэтгэл тэнүүн байдаг.
Иймээс бид нарын хувьд ажлын бүтээмж ч өндөр байдаг. Хамгийн авууштай нь сүүлийн үеийн залуучууд ихэнх нь хөдөө орон нутгаа зорьж ирээд мэргэжлээрээ ажиллаж байна.
Төв суурин газар ажиллаж байгаагийн хувьд орон нутгийн нэмэгдлүүдүндсэн цалин дээр нэмж өгдөг болсон. Цалин хангамжийн
тухайд харилцан адилгүй. Сүүлийн 3-4 жилд харилцан адилгүй, цалин нэлээд нэмэгдлээ. Ингэхээр залуу боловсон хүчин, залуучууд маань хөдөө орон нутаг руугаа зорьж ирээд орон нутагтаа суурьшин, ажиллаж байна.
Энэ мэт олон давуу талууд бидэнд үүсэж байгаа. Манай сумын хувьд төрийн алба бүгд тогтвортой дээр нь нутаг орны залуучууд маань сургууль соёлоо төгсөж ирээд, нутагтаа ирж ажиллах их дуртай байна. Үүний үр дүнд нутагтаа ажиллах боловсон хүчнээ 100% хангаад, ажиллаж чадаж байгаад сэтгэл хангалуун байгаа.
Миний хувьд Архуст сумын уугуул хүү. Сургууль соёлоо төгсөөд л Улаанбаатар хотод хэсэг ажиллаж амьдарч байгаад л ерөөсөө л нутгаа зорьж, тэндээ л ажиллаж амьдрая гээд л ирсэн. Эцсийн дүндээ энэ сонголтондоо ч гэсэн би одоо хүртэл үргэлж баярлаж, талархаж явдаг. Нутаг орон маань ч дэндүү сайхан даа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






