
Өмгөөлөгч Ш.Алтангадас: Үндсэн хуульд заагдсан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаал, бүрэн эрхээсээ түдгэлзээд, хуулийн байгууллагад шалгуулах, ёсзүйн шаардлагыг Засгийн газрын гишүүд болон УИХ-ын зарим гишүүд тавьсан.
Үүнд Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ш.Алтангадас тайлбар хэллээ.
Тэрбээр,
“Асуудал байгаа учраас шүүхэд өгөөд явсан. Нөгөө талаараа энэ мэдээллийг гаргаж тавьж буй этгээдүүд буюу УИХ-ын гишүүд болоод зарим сайд нар Улсын Их хурлын гишүүний онцгой бүрэн эрх гэж бий. Түүнд шууд халдаж байна. Улсын Их хурлын гишүүний онцгой бүрэн эрх, дээр нь албан ёсны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, түүнийгээ олон нийтэд цацах үүрэгтэй. Мөн олон нийтийг төөрөгдүүлсэн, бусдыг гутаан доромжилсон, мэдээлэл цацахыг хориглоно гэдэг ёсзүйн дүрэм дээр нь бүр тодорхой заачихсан байгаа.
Яг энэ агуулгаар нь хараад үзвэл мэдээллийг татаж байгаа иргэд гишүүд маань өөрсдөө бүрэн эрхээ хэрэгжүүлээд мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр нь эргэлзээ үүсэж байгаа юм. Тухайн албан ёсны эх сурвалж болох жишээ нь АТГ байдаг юм уу, УБЕГ, “Эрдэнэс Монгол” компани ч байдаг юм уу, тэр бүх байгууллагуудаас Д.Амарбаясгалан холбоогүй, хамааралгүй гэдэг бүхий л мэдээлэл байсаар атал, үүнийг огт дурдахгүйгээр нийгэмд баттай бус мэдээлэл маш ихээр цацаж, тарааж байна. Тэгчхээд үүнийгээ шалгуул гэдэг ийм ойлголт тавьж буй нь өөрөө ямар ч үндэслэлгүй.
Гэхдээ ёсзүйн шаардлага тавина гэдэг маань өөрөө ёсзүйн шаардлага ямар үндэслэлээр хангаж байна гэдгээ өөрөө тодорхойлох үүрэгтэй. Гэтэл энэ бүх асуудал дээр ямар ч баримт, ямар ч үндэслэл байхгүйгээр нийгэмд нийтэд нь шалгуулчих гэсэн агуулгаар яваад буй нь өөрөө хуульзүйн хувьд боломжгүй асуудал.
Хоёрдугаар асуудал нь энэ мэдээллүүд хэрхэн яаж үнэлэгдэх вэ, хаана үнэлэгдэх юм бэ? Ямар процессын дагуу үнэлэгдэх ёстой юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. УИХ-ын гишүүд онцгой бүрэн эрхтэй. Тэгээд аль ч байгууллага, албан тушаалтанд очоод мэдээлэл авах, түүнийхээ дагуу холбогдох асуудлаар мэдээлэл аваад, танилцах нотлох баримтыг гаргуулж авах бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр ингэж албан ёсны бус мэдээлэл цацаж буй нь өөрөө асуудалтай байна аа гэдэг өнцгөөс нь харж байгаа.
Гуравдугаарт БГД, ХУД, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өгчхөөд буй нэхэмжлэл дээр Баттөмөрийн Энхбаяр гишүүн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад, гардаад түүнд холбогдох тайлбараа өгөөд л ийм байдлаар цаашаа явах ёстой. Гэтэл өөрөө очоод шалгуул гэдэг нь Үндсэн хуульд заагдсан өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Ингээд л гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг үндсэн хуулийн маш олон агуулга зөрчигдөх тийм нөхцөл үүсэж байгаа юм.
Ер нь аль ч нөхцөлд өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдэг чинь дэлхийн хаана ч, аль ч улсад нэгэн агуулг,а нэгэн утгын дагуу хэрэгждэг ийм л хуулийн онцгой зарчим байж байгаа юм. Тэгээд үүнийг бүр Их хурлын гишүүд нь, Хуульзүйн дэд сайд байсан хүн нь өөрөө гаргаад явна гэдэг бол маш алдаатай л нөхцөл байдал болж байна” гэв.






