
В.Зеленский ОХУ-д шатахууны хомстол үүссэн гэв
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины зэвсэгт хүчний агаарын цохилтуудын үр дүнд ОХУ-д бензины хомстол үүссэн гэжээ. Түүний хэлснээр ОХУ-ын шатахууны хомстол 20 хувьд хүрэхэд ойрхон байгаа ба үүнээс болж оросууд нөөцөлж байсан дизель түлшээ худалдаанд гаргахаас өөр аргагүйд хүрсэн аж. Тэрээр, “В.Путинд дайнаа дуусгахыг, ядаж галаа зогсоохыг олон удаа санал болгосон. Бидний зүгээс гаргасан саналыг, америкчуудын саналыг гээд бүгдийг нь хүлээж аваагүй.
Тийм ч учраас ОХУ дайны үнэ цэнийг мэдэрч байгаа нь шударга явдал гэж бодож байна.” хэмээн мэдэгджээ. Украины төрийн тэргүүний хэлснээр Украины армийн алсын цохилтууд илүү оновчтой болж эхэлсэн ба украинчууд Оросын эрчим хүчний объектууд тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд тогтмол цохилт үзүүлж байгаа гэжээ.
Киев өнгөрсөн 8-р сараас эхлэн ОХУ-ын бүс нутгууд дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт үзүүлж эхэлсэн нь ОХУ-д түлшний хямрал үүсэх суурийг тавьжээ.
ОХУ-ын зарим бүс нутгуудад шатахуун түгээх станцууд шударга өрсөлдөөний хуулийн дагуу үнээ нэмэх боломжгүйн улмаас үйл ажиллагаагаа зогсооход хүрч, зарим мужуудад бензин болон дизель түлшний үнийн хязгаарлалтыг тогтоожээ.






