
Эрх баригч нам болох МАН-ын дотоодод гарсан “цуст” тулаан даамжирвал Монгол Улс засаглалын хямралд орох эрсдэлтэй боллоо.
Засаглалын хямрал гэж юуг хэлэх вэ гэхээр судлаач Г.Мөнх-Эрдэнийн хэлснээр бол “Засгийн газар хэвийн ажиллах боломжгүй нөхцөл байдлыг хэлдэг. Энэ нэр томьёог ихэвчлэн ямар нэг замбараагүй бослого, төрийн эргэлтийн үеийн нөхцөл байдлыг тодорхойлоход ашигладаг” гэв ээ.
Тэгэхээр одоогийн нөхцөл байдал удаан үргэлжилбэл засаглалын хямрал болох эрсдэлтэй байх нь.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хооронд өрнөж байгаа тулаанаар УИХ-ын чуулганы хуралдаан лав нэг долоо хоногоор хойшилсон удаатай. Төсөв хэлэлцэхээс эхлүүлээд өч төчнөөн ажил сагсалзаж байхад эрх баригч намын дотоод хагарал ийнхүү гаарч байгаа нь олон сөрөг үр дагаврыг авч ирнэ.
Учир явдлыг тоймловол:
МАН Бага хурлаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг даргаар сонгосон хэдий ч Г.Занданшатар талаас хүлээн зөвшөөрөөгүй. Цаашлаад Д.Амарбаясгалангийн нэр холбогддог “Бортээгийн” уурхайн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр “гүтгэлэг”, “нотолгоо” нь мэдэгдэхгүй юм ярьж гарч ирсэн. Улмаар “Хуулийн сайд болох уу. Тэгвэл ч ёстой урна даа” гэчихсэн яваа.
Нөгөө талд Д.Амарбаясгалан, Г.Занданштар луу цахим “нулимаа” хийж байгаа. Түүний фейсбүүк, инстаграмм зэрэгт зарцуулсан мөнгө 42 сая гарсныг хэвлэлүүд мэдээллээд эхэлсэн. Мөн Х.Нямбаатарын канондсон хувилбар гэгддэг П.Сайнзориг одоогийн Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэл бүхий бичиг өргөн барьж “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оров. Нэг ёсондоо тэдний зодоон гарын үсэг цуглуулж УИХ дээр жинхэнэ үзээтэй л юм болж байна.
Ил харагдаж байгаа зүйлсийг маш энгийнээр тайлабарлавал ийм. Цаад углуургад “жанжин” У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар бий. АНУ-ын Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын 80 дугаар чуулганд оролцож ирсэн У.Хүрэлсүх намаа Д.Амарбаясгаланд алдах дөхсөнд бөөн уур унтуу болж, үеийн хэдээ хяргах дөхсөн гэх….
Ямартай ч ҮАБЗ-өө далан оныхоноороо бүрдүүлэхээр санаархаж явсан У.Хүрэлсүхийн замд хамгийн “гай” болж буй хүн нь одоогийн УИХ-ын дарга билээ.
Энэ байдал улс эх орныг тогтворгүй байдал руу л түлхчихгүй бол бусад нь ч яамай. Хоорондоо алалцаж л байвал тэдний хулгай ил гарна, ард түмэн хожно. Угаас өдий олон жил төрийн тархинаас буугаагүй МАН-ын хувьд дотроосоо өмхийгээр бээчихсэн яваа нь нууц биш. Их ч хулгай, худал хуурмаг ил болно доо. Гагцхүү тэдний гарт байдаг хууль, хүчний байгууллагууд ямар хөзөр дэлгэх нь харууштай болчихоод байгаа юм.
70, 80 оныхон дундаа тохироо хийвэл Б.Энхбаяр хэн ч биш болж Ерөнхий сайдад Н.Учрал, Х.Нямбаатар нар яригдана
Хэвлэл мэдээллийнхэнд нэг зовлон байгаа нь юм бичихээр хэн нэгнээс захиалга авсан болчих гээд тун төвөгтэй байдалд орчихоод… Энэ хэсэг эхлэхээс өмнө “Эргэлт” сэтгүүлийн “126” нэртэй дугаарын эхний нүүрийг эшэлчихье “…Эрэн сурвалжилах нэгдлийн бүтээлүүд нь хэн нэгний захиалгат бус зөвхөн иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгын хүрээнд…” гэсэн байдаг юм. Тэгэхээр ийм гээд ойлгочих.
Мэдээж эрх баригч намын ийм байдал удаан үргэлжилбэл засаглалын хямрал гээч болно гэдгийг дээр хэлсэн. Тэгэхээр хүн юм хойно улс орноо бодоцгоох байлгүй дээ. Тэдний их хурал ч удахгүй боллоо.
Төрийн ордны бор шувуунуудын жиргээгээр 70, 80 оныхон дундаа тохироо хийх болгуужин гэж дараагийн вариантуудыг яриад эхэлсэн гэх.
Гэхдээ Н.Учрал талаас ч юм уу гуравдагч этгээдүүдээс нисгэж байж ч мэдэх л зүйл. Хамгийн гол нь баттай эх сурвалжийн хэлснээр гээд ойлгочих.
Дараагийн Ерөнхий сайд, намын даргад 70 оны ах нараа налсан Н.Учрал яригдаад эхэлжээ. Мэдээж нөгөө талаас яаж зүгээр байх вэ Х.Нямбаатарыг оруулж ирсэн байгаа юм. Харин хохирч үлдэх нь Б.Энхбаяр аж.
Одоо дараагийн гуравдагч, дөрөвдөгч дүрүүдийн зодоон ийн эхэллээ. Юу ч гэсэн МАН-ын хоёр үзэгдэл бүхий эмгэнэлт драмын жүжиг дуусаж “Үргэлж хамтдаа” эгшиглээсэй гэж залбирахгүй бол энэ улс эх орон сүйдлээ.
Эцэст нь гэж хэлэхэд эх захгүй энэ хэрүүл уруул дунд хүнээ байчихгүйхэн шиг дуусцгаавал дээрсэн. Хэзээ нэг өдөр энэ талцал, хуваагдал, шийдэгдэж аж амьдрал хэвийн үргэлжилнэ. Тэр үед нүүр нүүрээ харалцана шүү дээ. Томчууд яах вэ эрх ашиг нэгдвэл, ардаа хутгаа бариад, инээгээд гар барьж зогсдог улс хойно.






