
ХК → ХХК болоход хэн хожиж, хэн хохирдог вэ?
ХХК, ХК гэж хэн бүхний танил үг. Компанийнхаа нэрний ард ХХК дагуулж байвал тэр хаалттай компани. Харин ХК-г дагуулж байвал нээлттэй компани гэсэн үг.
Саяхан дотоодын ноолууран бүтээгдэхүүний зах зээлд олон жил ноёрхсон “Говь” компани хэлбэрээ өөрчилж, ХК-иас ХХК болохоор шийдвэрлэсэн. “Богд банк”, “Атар өргөө” компаниуд ч мөн хаалттай компани болохоор “зэхэж” байна. Ер нь бол Монголд нээлттэй компаниуд хаалттай болох нь бараг л шинэ цагийн моод гэлтэй. Гэтэл дэлхийн улс орнууд ХХК →ХК болох жишиг рүүгээ явж байна. Нэг үсгийг нөгөөгөөр сольж буй юм шиг боловч нээлттэй компани гэнэт хаалттай болоход олон хүн хохирч, цөөн хүн хожих нь бий.
Хэн хохирдог вэ?
ХК → ХХК болоход хамгийн их хохирдог хүмүүс бол жижиг хувьцаа эзэмшигчид. Тэд хувьцаагаа бирж дээр чөлөөтэй зарах эрхээ алддаг. Тодруулан хэлбэл, хувьцаагаа хэн нэгэнд худалдахдаа компанийнхаа бусад хувьцаа эзэмшигчдээс заавал зөвшөөрөл авна гэсэн үг. Мөн ашгийн хуваарилалтыг олонх шийдэх тул ногдол ашиг авч чадах эсэх нь эргэлзээтэй болно.
Хэн хождог вэ?
ХК → ХХК болгох нь том хувьцаа эзэмшигчид, удирдлагад бол хожил. Компаниа хаалттай болгож, санхүүгээ олон нийтэд тайлагнахаа болино. Компанийн хувьцаа цөөн хүний гарт төвлөрснөөр эрх мэдлийн хувиарлалт нь мөн тэдний гарт шилждэг.
Ер нь бол компаниа хаалттай болгож, жижиг хувьцаа эзэмшигчдээ шахаж гаргаж байна гэсэн үг. Угаас хуулиараа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дээд тоог 50 гэж заасан байдаг. Тэр утгаараа компаниуд дотроосоо хаалгаа түгжиж байгаад жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг өөрсдийн тогтоосон үнээр “хүчиндэж” аваад “хөөдөг” гэсэн үг.
Цаашид ХК → ХХК болж, жижиг хувьцаа эзэмшигчдээ ийн хохироодог байдал Монголд хэвийн үзэгдэл болбол Долоон буудлын Должин, Толгойтын Бат дахиад ямар ч компаниас хувьцаа худалдаж авахгүй. Хөрөнгийн зах зээлд итгэх олон нийтийн итгэл буурна аа л гэсэн үг. ХК-аас ХХК болж буй энэ “марафон”-д зохицуулалт хийж, хяналт тавих үүрэг уг нь Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ гэх газарт бий. Харамсалтай нь санхүүгийн зах зээлээ зохицуулж чадахгүй өнөөг хүрлээ. Угтаа томоохон аж ахуй нэгжүүд нь томрохын хэрээр үр өгөөж нь тухайн компанидаа ирж, дэлхийн зах зээлд ч гарах боломж нь нээгддэг. Харин но-той нөхдүүд “хаалгаа хааж” байгаа нь тодорхой байдаг.
Амьгүй албатууд
Танай гэрийн санхүүг хэн “барьдаг” вэ? Орчин цагийн хэллэгээр, хүмүүсийн ярьж дадсанаар бол “эхнэрүүд” гэх биз. За, ямартай ч хэн рүү, ямар данс руу хэдэн төгрөг явуулах, юунд мөнгө зарцуулах гээд гэрийн тань санхүүг хэн нэгэн ерөнхийд нь зохицуулдаг л байх. Үүний нэгэн адил Манай улс ч бас Санхүүгийн зохицуулах хороо гэх газартай.
Энэ хороо нь:
- Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах,
- Санхүүгийн үйлчилгээг зохицуулах,
- Холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
- Хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага.
Гэвч СЗХ-нд гаргасан жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдлыг юман чинээ тоодоггүй, “шүүхэд ханд” гээд даналзаад сууж байдаг гэх. Уг нь бол банкуудаас бусад бүхий л санхүүгийн зах зээлээ удирдаж, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэгтэй, татвар төлөгдчийн мөнгөөр цалинждаг улс. Гэвч хийж буй ажил ч үгүй, амьгүй албатууд шиг л…
Тэднийг хэн томилдог вэ?
Санхүүгийн зохицуулах хороо нь дарга, зургаан гишүүнээс бүрдэнэ гэж хуульд заасан байдаг.
- УИХ-ын дарга СЗХ-ны даргыг
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо СЗХ-ны хоёр гишүүнийг
- Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар СЗХ-ны хоёр гишүүнд тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж томилдог.
СЗХ-ны даргаар Т.Жамбаажамц гэх залууг энэ оны нэгдүгээр сард томилсон. УИХ-ын даргын дэвшүүлсэн хүнийг сонгоно гэж хуульчилсан гэхээр Т.Жамбаажамцыг шууд утгаараа Д.Амарбаясгалангийн хүн гэж ойлгож болно. СЗХ-нд 2006 оноос хойш мэргэжилтнээс нь эхлэн ажиллаж буй.
СЗХ-ны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун
СЗХ-ны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн
Харин Ажлын албаны даргаар нь С.Цогтгэрэл, СЗХ-ны дэргэдэх Хяналтын Зөвлөлийн даргаар М.Буяндэлгэр нар ажиллаж байна.
Намтарыг нь уншихаар энд тэнд ажиллаж байсан овоо дориун түүх л харагдах юм. Ажлаа мэддэг л байлтай. Нэг хэсэг монголчууд бүгд л койн, койн гэж шуурч, хамгаа тавиад туусан. СЗХ зохицуулалт хийх эрх бүхий байгууллага атал нүдгүй юм шиг л суусан. УИХ хяналтаа тавиач ээ.
УИХ нь хууль тогтоох, хянан шалгах бүрэн эрхтэй байгууллага. УИХ-аас томилогддог Санхүүгийн зохицуулах хороонд хяналт, шалгалт явуулах цаг болсон гэдгийг “хаалгаа хааж” буй дээрх компаниудын жишээ харуулж байна.






