
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-“Монгол Улсын Засгийн газраас шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоолыг гаргалаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор бензин, түлш тасалдсан гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж олон нийтийг сандаргах үйл ажиллагаанууд явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу тодорхой мэдээллүүдийг түгээж байгаа хаяг, веб сайтууд, хувь хүмүүст хяналт шалгалт явуулах шийдвэр гарсан.
Оросын холбооны улсад байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд холбогдох сайд нартай уулзсаны үр дүнд Монгол Улсыг шатахуун болон бусад бүтээгдэхүүнээр таслахгүй гэдэг амлалт өгсөн. Одоогийн байдлаар 150 гаруй АИ 92 ачсан вагон орж ирж байна. Монгол Улсын гол нийлүүлэлтийг хийдэг Ангарскийн үйлдвэр засвар нь долоо хоногийн дараа дуусаж нийлүүлэлт хэвийн болно гэсэн хүлээлттэй байна” гэлээ.






