
Нүдний шил зүүхээсээ ичдэггүй хэрнээ сонсголын аппарат зүүхээс ичдэг хүмүүс олон. Гэтэл хүний сонсгол нэгэнт алдагдвал дахин сэргэх нь тун ховор гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Өдөр бүрийн дуу чимээ, чихний буруу арчилгаа, хөгжим, чихэвчний хэрэглээ зэрэг энгийн зүйлс таны сонсголд аажмаар гэмтэл учруулж байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй.
Сонсголын алдагдал ямар үед эхэлдэг вэ?
- Телевизийн дууг улам чангалж сонсох болсон
- Хүмүүсийн хэлсэн үг давхардаж, бүдэг сонсогдох
- Олон хүнтэй орчинд яриаг ялгаж ойлгоход хүндрэлтэй болох
- Чих шуугих, дүнгэнэх мэдрэмж төрөх
Эдгээр нь анхны анхааруулга юм. Энэ үе шатанд эмчид хандаж чадвал сонсголыг хамгаалах, цааш дордохоос сэргийлэх боломжтой.
Чихээ ингэж “гэмтээж” байна уу?
- Чихэвчийг удаан, чанга дуугаар ашиглах: 85 децибелээс дээш дуу чимээ 8 цагаас илүү сонсвол сонсголд гэмтэл учруулна.
- Чих ухах буруу зуршил: Хөвөнтэй мод, төмөр үзүүртэй зүйл чихний доторх эмзэг хальсыг гэмтээж болзошгүй.
- Дуу чимээ ихтэй орчинд хамгаалалтгүй байх: Барилга, үйлдвэр, концерт, эсвэл замын хөдөлгөөн ихтэй газар байнга байх нь чихний дотоод эрхтэнд байнгын дарамт үүсгэдэг.
Чихээ хамгаалах 5 зөвлөгөө
- Чихэвчийг 60/60 дүрмээр хэрэглэ: Дууны түвшинг хамгийн ихдээ 60%-д, тасралтгүй 60 минут л ашигла.
- Дуу чимээтэй орчинд хамгаалалтын бөглөө хэрэглэ.
- Чихээ бүү ух. Цэвэрлэгээг зөвхөн гадна талаас нь хийгээрэй.
- Ханиад, хамрын битүүрэл зэргийг тоохгүй орхих хэрэггүй. Эдгээр нь чихний үрэвсэлд хүргэж болзошгүй.
- Жил бүр чих, сонсголын үзлэгт хамрагд. Нүдний үзлэг шигээ сонсголын оношлогоо тогтмол хийлгэх нь хамгийн найдвартай хамгаалалт юм.

Солонгосын Халлим их сургуулийн Сонсгол, хэл заслын тэнхимийн профессор Бан Жон Хуа:
“Сонсгол бууралттай хүн аппарат зүүхгүй бол тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа ч доройтдог. Сонсголоо эрт оношлуулж, шаардлагатай эмчилгээг хийлгэж явах хэрэгтэй. Нүдний шил зүүгээд явахаасаа ичдэггүй хэр нь хамгийн чухал эрхтний нэг болох чихээ хайрлаж сонсголын аппаратыг тогтмол зүүж хэвших хэрэгтэй.Нүд биднийг ертөнцийг харахад, чих биднийг ертөнцтэй холбогдоход тусалдаг.
Тиймээс нүдний шилээ өмсдөг шигээ ч, чихээ хайрлаж шаардлагатай бол сонсголын аппарат хэрэглэхээс бүү ич. Энэ бол сул доройгийн биш, өөрийгөө хайрлаж байгаа хамгийн ухаалаг үйлдэл юм.
Нүдээ хайрладаг шигээ чихээ хайрлаарай.






