
“Энэ насандаа эхнэр, нөхөр болж амьдран сууна гэдэг нэг бол урд насандаа хэмжээшгүй их өс хонзонтой хүмүүс байдаг. Эсвэл хувь тавилангийн мөнгөн утсаар аргамжлуулсан, хайр сэтгэлийн мөнхийн үргэлжлэх хөдөлгөөн болж эхнэр, нөхөр болдог” гэдэг.
Харин би өнөөдрийн “Хөрөг” нэвтрүүлэгт оролцож буй хос дуурийн дуучдаа хоёр дахь нь буюу хайр сэтгэлийн мөнхийн үргэлжлэх хөдөлгөөн нь байгаасай хэмээн залбирч сууна. Тийм ч байх.
2023 онд “Дуусашгүй” хэмээх тоглолтынхоо үеэр УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Монголхүүгийн дуулсан “Аргалд явсан ээж минь” дуу Youtube сувагт одоо ч хэдэн сая хандалт авсан хэвээр буй. Тэр дууг нь сонсож ахуйд тархины гадарга зумарч, сэтгэлийн нүднээс нулимс бөнжигнөх шиг л болдог юм. Харин түүний хань УДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Уранзолбоо “Хүний заяа” дууг дуулсан. Сонсож ахуйд биеийн шар үс өөрийн эрхгүй зарзайдаг л юм. Хэрэв уншигч та бололцтой бол тэдний нэрийг бичээд хайгаад үзэхэд гэмгүй л…
Хөтлөлцөл 1
Тэртээ 2008 онд хамтдаа СУИС-ийн хаалгаар хөтлөлцөн гүйж явсан хүүхдүүд өнөө Монгол Улсын дуурь, сонгодог урлагийг нуруундаа үүрч явах уран бүтээлчид болно гэж зүүдлээ ч үгүй биз ээ.
Тэд яг л хөтлөлцөөд СУИС-д орсон шигээ Москвагийн их сургуульд 100 хувь тэтгэлгээр суралцаж байлаа. Тэндээ ажилд орж болох байсан хэдий ч эх орондоо том зүйлийг хийхээр 2018 онд эргэн ирэв.


Хөтлөлцөл 2
Нэгхэн жилийн зайтай эх орондоо ирсэн залуус Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт хөтлөлцөөд л орж. Одоо долоо дахь жилдээ ажиллаж байна. Залуу хосуудын амьдрал, мөрөөдлийг гурван цагт хуваагаад таван үзэгдэл бүхий дуурийн нэгэн бүтээл туурвичихмаар аж.
“Москвагаас өвөртөлж ирсэн эрдмийн чихэр”


Авьяастай, боловсролтой залуус эх орондоо эргэн ирж, хийж чадах бүхнээрээ түүний төлөө зүтгэж буйн жишээ нь Б.Монголхүү, Б.Уранзолбоо нар. Өдгөө Б.Монголхүү эх орондоо төдийгүй олон улсад нэрээ цуурайтуулж явна. Тэд эх орондоо ирэх болсон түүх ийм учиртай:
2018 онд гэр бүлийн хоёр дуучин Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд дуулаачаар суралцаж байж. Б.Уранзолбоо хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт хандаж, нэгэн дууг нь дуулах зөвшөөрөл авахаар холбогдож л дээ. Тэгэхэд нь Н.Жанцанноров гуай “Ганцыг дуулах юм уу, хоёрыг уу, эсвэл нэлээд хэдийг “барьж аваад” нэгмөсөн томоохон ажил болгох юм уу. Тоглолт, CD гээд ярих юм уу, өөрсдөө л мэд” гэх хариу өгсөн гэнэ. Оюутан залуус ийм хариу авна чинээ бодоогүй байсан тул ихэд баярлан, хөгжмийн зохиолчийн дууны санг уудалж эхэлсэн юм билээ. Тэд сургуулиа төгсөж ирээд ДБЭТ-д гоцлол дуучнаар ажиллаж эхлээд удаагүй байтал цар тахал тархаж. Тэгсэн ч залуус томоохон ажил хийх зорилгоосоо ухралгүй, “Ковид”-д тээглэлгүй, дуунуудыг нь судалж, дуулж, өөрсдийн болгож, хөгжмийн зохиолчтой байнгын харилцаатай байсаар “Дуусашгүй” хэмээх тоглолтын ард гарчээ.

Мэдээлэл:
“Дуусашгүй” тоглолт дээрээ тэд Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуайн уран бүтээлүүдийг өөр хөгжмийн найруулгаар хүргэж байв.
Тэгвэл хосууд энэ жил (2025) Хөдөлмөрийн баатар Б.Шаравын уран бүтээлүүдийг сонгодог хэлбэрт оруулан тоглолт хийх гэж байгаа юм. 2025 оны 10 дугаар сарын 14-нд тоглолт болно.


Энэ бол хэтийдсэн магтаал биш. Мэдээж 1950 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хөгжмийн сонгодог театр”-аараа Азид цорын ганцад орж байсан манай улсын хувьд олон сайн уран бүтээлчид бий. Тэднийг үгүйсгээгүй. Хамгийн гол нь залуу эх оронч ийм хоёр хосын түүх гэдгийг манай уншигчид ухаж, тунгаах буй за.








Москвагийн дээд сургууль ч гэх шиг..ямар ч найруулга байхгүй. Сайхан дуучин залуус.ямар муу бичдэг юм бэ.