
Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны өмнө богино хугацаанд маш том амжилтад хүрсэнд тань баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач?
-Баярлалаа. Намайг Баянмөнхийн Мөнхэрдэнэ гэдэг. Одоогоор “Хаус Дизайн” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Архитектурын салбарт орсон минь 2016 он. Тухайн үед УГЗ Д.Эрдэмбилиг багшийн урилгаар “Хаус Дизайн”-д орж ирсэн. Ингээд тавхан жилийн дотор компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашиж, баг хамт олонтойгоо олон бүтээл хийж хэрэгжүүлээд явж байна.
-2016 онд архитектурын салбарт анх орж ирсэн хүн өнөөдөр 1.8 тэрбумын төсөвтэй компанийн гүйцэтгэх захирал болсон байна. Танд энэ замнал хэрхэн эхэлсэн бэ?
–Анх “Мянганы Суут Хаан Чингисийн аялал жуулчлалын цогцолбор” төслийн хүрээнд ур чадвараа сорьж оролцсон. Миний уран бүтээлийг тухайн үед Д.Эрдэмбилиг багш маань хараад “энэ залуу ер нь болох хүн байна” гэж үнэлсэн юм билээ. Тэгээд л ажил санал болгосон доо.
-Сонирхолтой байна. Гэтэл та Япон руу явж, мэргэжлийн томоохон компанид ажиллах боломжтой байсан гэдэг?
–Тийм ээ, яг хоёр сонголтын өмнө зогссон. Нэг нь Японд мэргэжлээрээ ажиллах, нөгөө нь Монголдоо үлдэж, багшийнхаа шавь болоод үндэсний төсөл дээр ажиллах. Миний хувьд “эх орондоо бүтээе” гэсэн зүрх, уран бүтээлийн эрх чөлөөг илүүд үзсэн. Яг тэр үед “Хаус Дизайн” компанид нийгмийн даатгал, өр төлбөрийн асуудал ч байлаа. Гэхдээ би сорилт гэдэг утгаар нь л харсан.
-Таны удирдлага дор “Ара Комплекс” гэх онцгой төсөл хэрэгжсэн. Энэ талаар тодруулж яриач?
-Ара гэдэг бол зөөврийн стадион. Зөвхөн 36 контейнер ашиглаж 80×140 метр хэмжээтэй цэнгэлдэх хүрээлэнг угсарсан. Лего шиг угсраад, нүүлгээд явчих боломжтой. Үндсэн санаа нь залуу уран бүтээлчдийг, орон нутгийн эдийн засгийг, аялал жуулчлалыг дэмжих зорилготой.
2023 онд гэхэд л 433 мянган хүн Архангай руу аялсан. Үүнтэй зэрэгцээд буудал, дэлгүүр, малчдын цагаан идээ, жижиг бизнесүүдийн орлого эрс өссөн. Зөвхөн 7-р сарын аялал жуулчлалын орлого 2022 оныхоос 1.8 дахин өссөн шүү.
-Залуучуудад хамгийн хямд зардлаар стадион барих санааг та анх гаргасан гэж дуулсан. Ямар үндэслэлтэй байсан бэ?
-Бидэнд их мөнгө хэрэггүй. Харин уран сэтгэлгээ, шийдэл хэрэгтэй. Ердөө 36 контейнер ашиглаад фестиваль хийж болохуйц орчин бүрдүүлж болно гэдгийг харуулсан. Энэ төсөл бол “хямд зардлаар, өндөр үр дүн гаргаж болдог”-ийн жишээ болсон. Уламжлал, урлаг, эдийн засаг гурвыг холбосон бүтээл гэж боддог
-Таны хэлснээр нэг захиалагчийн итгэлийг олбол ард нь 5 захиалагч дагаж ирнэ гэдэг үг сэтгэлд үлдлээ. Таны ажлын философи гэвэл?
-Тийм ээ, би нэг ажлыг хийж өгөхдөө яг л өөрийн юм шиг сэтгэл гаргахыг хичээдэг. Захиалагч бол хамтрагч. Нэг ажлыг чин сэтгэлээсээ хийж чадвал дараа дараагийн боломжууд нээгддэг. Бүтээл гэдэг бол сэтгэл, итгэл хоёр дээр л тогтдог зүйл.

-Таны уран бүтээлүүдийг харахад “Хаус Дизайн” компанийн үнэт зүйлсийг өвлөж, хөгжүүлж яваа нь мэдрэгддэг. Цаашдын зорилго тань юу вэ?
-“Хаус Дизайн” бол зүгээр нэг зураг төслийн компани биш. Энэ бол оюун санааны нэгдлийг илэрхийлдэг уран бүтээл туурвидаг газар. Багшийн маань эхлүүлсэн замналыг үргэлжлүүлээд, уламжлал дээр суурилсан, шинэчлэлтэй төслүүдийг хийсээр байх болно. Монголд ч, дэлхийд ч Монгол архитекторуудын өнгө төрхийг гаргахын төлөө л явна.
-Өнөө цагийн олон залуус гадагшаа тэмүүлэх хандлагатай байгаа. Харин та Монголдоо үлдэж бүтээхийг сонгосон. Үүнийгээ залууст хандаж юу гэж хэлэх вэ?
-Гадаадад сурах, ажиллах муу зүйл биш. Гэхдээ эх орондоо хийж бүтээх боломж үргэлж байна. Зөвхөн боломжийг хардаг биш, боломж бүтээдэг залуус хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл чинь байгаа бол хоёр сарын дотор ч бүтээн байгуулалт хийж болно. Би тэрийг өөрийн биеэр мэдэрсэн. Залуус аа, уран бүтээлээ хий!
–Илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажил, уран бүтээлд тань амжилт хүсье!
-Баярлалаа. Монголын залуус бүгд бүтээж чадна гэдэгт итгэдэг шүү.






