
Хуульч О.Батхүү: Бидний санаачилсан хоёр хувийн шимтгэл төлбөрийн асуудал зөвхөн дундаж амьдралтай, татвар төлдөг хүмүүст хамааралтай
Хуульч О.Батхүү тэргүүтэй хуульчид “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Эл асуудлын хүрээнд Улсын дээд шүүхэд 2025 оны өнгөрөгч есдүгээр сард хандаж, ялалт байгуулаад байсан билээ.
Тэрбээр өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд уг татварын асуудалтай холбоотойгоор өргөдөл гаргалаа. Энэ талаар мэдээлэл өглөө.
Хуульч О.Батхүү: “Анх удаа орон сууц худалдан авч буй хүнд энэ хоёр хувийн шимтгэлийн асуудал хамаарна гээд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мушгин гуйвуулсан агуулгатай явж байна. Энэ бол буруу ташаа ойлголт. Тийм зүйл байхгүй.
Хүмүүс өөрийнхөө амьдардаг, оршин суудаг орон сууцаа зарахад л төлдөг татварыг хүчингүй болгоё гэж байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоогч нарт зөв зүйтэй мэдээлэл өгөхгүй бол олон нийтийн санаачилгыг мушгидаг, санаатай гуйвуулдаг, эцсийн дүндээ “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэдэг шиг анх удаа авсан байр гэдгээр аргалж, аргацаах гэж оролддог нь буруу гэж үзэж байна.
Сангийн яамнаас өгсөн тоо баримтыг үзвэл 2024 онд 75 тэрбум төгрөг яг энэ хоёр хувийн татвараас цугларчээ. Үүн дотор хотын төвөөр байдаг үнэтэй газруудыг зарсны төлбөр, олон байртай хүмүүс байраа худалдсаны төлбөр, байрны бизнес эрхэлдэг ченж гэж ярьдаг эдгээр хүмүүсээс авсан бүх татвар нийлээд ийм мөнгө болжээ.
Харин бид нарын санаачилсан зүйл бол өөр дээр нэг байртай, нэг байшинтай хүмүүс л хамаарах юм. Тодруулбал, олон нийтэд энэ асуудал шууд хамааралтай. Тэгэхээр энэ 75 гэдэг тоо багасаад 50 болно. Гэтэл өнөөдрийн УИХ-аар ярьж буй энэ тоонууд маш аймшигтай зүйлүүд ярьж байна. Хэдэн их наяд, хэдэн зуун тэрбум…
Яг дундаж амьдралтай, татвар төлдөг ийм хүмүүст хамааралтай ийм шийдвэрийг гаргахад төсөв дээр ачаалал үүсэхгүй гэж үзэж буй. Ийм ч учраас энэ асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өнөөдөр хандаж байна” гэв.
Дэлгэрэнгүй видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






