
Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт тохиож байна. Энэхүү өдрийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархал”-ын өдөр хэмээн тэмдэглэж монголчууд нийтээрээ амардаг билээ. Үүний дараах долоо хоногийн Лхагва гарагт буюу тухайн сарын 26-нд Улс тунхагласны баяр тохиох юм.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногт монголчуудын хувьд үүх түүх, тусгаар тогтнолоороо бахархах өдрүүд тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд эл өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.






