
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
-“Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр бүхий гишүүдийн дамжуулж байгаа худал гүтгэлэгт няцаалт хийж байна. 2025 оны наймдугаар сард гарсан 55 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй. Үүнтэй ижил төрлийн тогтоол өмнө нь есөн удаа гарч байсан одоо гараад байгаа тогтоол нь арав дахь нь 55 дугаар тогтоол юм.
Биднийг ажил авахад экспорт зогсчихсон, биржийн ажиллагаа зогсчихсон, урт хугацааны хямд үнэтэй гэрээнүүдийн экспорт үргэлжилсэн, эдийн засаг уналтад орчихсон, хасах эдийн засагтай Улсыг хүлээн авч байсан.
Энэ улсын эдийн засагт орлого оруулж ирдэг сайдын хувьд эдийн засаг, экспортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг сайд нартай хамтарч ажлын хэсгийн гишүүний хувьд санал санаачлаг гаргаж хоёр тогтоолын төсөл батлуулсны дүнд өнөөдөр бид нэмэх эдийн засагтай төсвөө тодотгосон байдалтай байж байна.
Бид биржээр арилжаалсан нүүрсийг шахаж том хэмжээний гэрээнүүдийг 80 хувь нь хилээр гарч байсныг зогсоож 50 хувь нь амны буюу урт хугацааны гэрээнүүдийн нүүрсний экспорт, 50 хувьд нь биржээр худалдаалсан нүүрсний экспорт явуулах шийдвэр гаргасан. Үүний үр дүнд биржийн экспорт нэмэгдсэн. Биржийн нүүрсний экспорт яагаад чухал байна вэ гэхээр АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Улсын төсөвт шууд ордог учраас чухал байгаа юм.
Сонирхолтой нь өмнө нь гарч байсан тогтоолуудад янз янзын хувилбар яригдаж байсан байдаг. 100 төгрөгийн үнэтэй зүйлийг 50 төгрөгөөр үнэлэх гэрээний үнээр хийх шийдвэрүүд ч гаргаж байсан. өөрөөр хэлбэл татвараас зугтах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
Асуудал ярьж байгаа гишүүн нь Хууль зүй дотоод хэргийн яаманд 2013 оноос хойш уул уурхай хариуцсан мэргэжилтнээс эхлээд төрийн нарийн бичгийн дарга хүртэл албан тушаалд ажиллаж байхдаа 55 дугаар тогтоолтой ижил 5 тогтоол гарахад оролцож шийдвэр гаргалцсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газар огцруулах асуудлыг яриагүй юм”.






