
Японы Либерал ардчилсан намын сонгуулийн санал хураалтаар 64 настай Санаи Такаичи тус намын тэргүүнээр сонгогдож, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдохоор болжээ.
Японы парламент энэ сарын 15-нд болох чуулганаараа түүнийг Ерөнхий сайдаар томилохоор төлөвлөжээ.
Японы Дотоод хэргийн сайд, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд, Худалдаа аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан улс төрийн баялаг туршлагатай Санаи Такаичи өмнө нь Либерал Ардчилсан намын тэргүүний сонгуульд хоёр ч удаа өрсөлдөж байсан ба ийнхүү гурав дахь оролдлогоороо ялалт байгуулсан байна.
Тэрээр намын тэргүүний хувиар сүүлийн жилүүдэд олон тооны хэл амд өртөж, сонгогчдын итгэлийг алдсан намынхаа нэр хүндийг өсгөх амаргүй даалгаврыг хүлээж авч байгаа юм.
Санаи Такаичи 1961 онд Японы Нара мужид мэндэлсэн ба түүний аав оффисын ажилтан, ээж нь цагдаагийн албан хаагч байжээ.
Тэрээр залуудаа хэви метал урсгалын хөгжим сонсож, рок хамтлагт бөмбөр тоглож, мотоцикл, автомашин сонирхдог байжээ.
Улс төрийн карьераа эхлүүлэхээсээ өмнө Санаи Такаичи телевизийн хөтлөгчөөр ажиллаж байжээ.
1992 онд тэрээр анх парламентын дээд танхимын сонгуульд бие даагчийн хувиар өрсөлдөж ялагдал хүлээсэн ч зорилгодоо тууштай зүтгэсний үр дүнд 1993 онд парламентын доод танхимын сонгуульд ялалт байгуулж, 1996 онд Либерал Ардчилсан намд элсжээ.
Түүнээс хойш Санаи Такаичи парламентын гишүүнээр 10 удаа сонгогдож, Либерал Ардчилсан нам дотроо консерватив үзэл баримтлалдаа үнэнч гэдгээрээ олонд танигджээ.
Тэрээр өмнө нь хоёр ч удаа намын даргын сонгуульд өрсөлдөхдөө 2021 онд Фүмио Кишидад, 2024 онд Шигэрү Ишибад тус тус ялагдсан юм.
Санаи Такаичи сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд сурагчидтай уулзаж ярилцах үеэрээ өөрийнх нь зорилго бол Төмөр хатагтай болох хэмээн мэдэгдэж байжээ.
Эх ёурвалж: BBC






