
Палестины ХАМАС бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Газын зурваст энхийг тогтоох төлөвлөгөөтэй танилцсаны үндсэн дээр 2023 оны 10-р сарын 7-нд Израилын нутаг дэвсгэрээс барьцаалсан иргэдээ бүгдийг нь суллахаар болжээ.
Түүнчлэн тус бүлэглэлийн удирдлагууд зуучлагчаар дамжуулан Газын зурваст энхийг тогтоох төлөвлөгөөний нөхцөлүүдийг даруй хэлэлцэж эхлэх, Газын зурвасын удирдлагыг шилжүүлэхийг зөвшөөрч буйгаа мэдэгдэж, Ерөнхийлөгч Д.Трампын дайныг дуусгахын төлөө гаргаж буй хичээл зүтгэлийг үнэлж буйгаа онцолсон байна.
ХАМАС бүлэглэлийн зүгээс Газын зурваст энхийг тогтоохтой холбоотой бусад асуудлууд нь палестины үндэсний удирдлагын бүтцийн хүрээнд шийдэгдэнэ, уг бүтцэд ХАМАС бүлэглэл багтаж, хариуцлагатайгаар хувь нэмэр оруулна гэж мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Д.Трамп төлөвлөгөөндөө Газын зурвасын хяналт удирдлагад ХАМАС бүлэглэлийн зүгээс ямар ч оролцоо байх ёсгүй гэж заажээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхийлөгч Д.Трампын танилцуулсан төлөвлөгөөнд Газын зурваст түр удирдлагыг байгуулах, Израилын цэргүүдийг Газын зурвасаас үе шаттайгаар гаргах, барьцаанд байгаа израилын иргэдийг, палестины хоригдлуудыг талууд харилцан суллах тухай тусгажээ.
Израил болон бусад улс орнууд Д.Трампын төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол ХАМАС бүлэглэлийн зүгээс өнөөдрийг хүртэл тодорхой байр суурь илэрхийлээгүй байсан юм.
Эх сурвалж: The Guardian






