
Дэлхийн багш нарын 31 Монголын багш нарын 59 дахь өдөр баасан гарагт болж өнгөрлөө. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар сургууль үеийн үед ажиллаж байсан ахмад багш, ажилтан алба хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
55 дугаар сургууль нь 1976 онд цэцэрлэгийн хуучин байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ мэргэжлийн боловсрол олгодог нийслэлд байгаа тусгай хэрэгцээт хүүхэд хүлээн авах сургууль дундаа томоохонд тооцогдох сургууль юм.

55 дугаар сургуулийн ахмад багш Г.Буянтогтох: “1976 онд сургууль маань байгуулагдсан. Тэр үед бага ангийн гурван бүлэгтэй эхэлж байлаа. Жил ирэх тусам өргөжиж 30 гаруй багштай үйл ажиллагаа явуулдаг байлаа. Сургууль маань үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ цэцэрлэгийн хуучин байранд хүүхдүүдээ хүлээж авдаг байлаа. Арваад жил цэцэрлэгийн хуучин байранд хүүхдүүдээ хүлээн авч байгаад 1990-ээд онд шинэ байранд нүүж орж байлаа. Тэр үед чинь сургуулийн тохижилт мөн улсын маань нөхцөл байдал амаргүй байлаа шүү дээ. Манай сургууль хөгжсөөр хөгжсөөр хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж чадахаар болсон гэж харагдаж байна.
Бид чинь шууд л томилолтоор ирээд шохойтой ангидаа шууд орно шүү дээ. Багш бүхэн хүүхдүүдэд ойлгуулах, мэдүүлэх зүйлээ хийхийн тулд дор бүрнээ сурах орчноо бэлдэнэ шүү дээ. Хүүхдүүдэд маань сургалт явагдахаас гадна нийгэмшүүлэх ажил явагдаж байдаг. Нийгэмшүүлэх гэдэг нь хувцсаа өмсөх, хүнтэй мэндлэх гэх мэт зүйлүүдээс эхэлнэ дээ”.




55 дугаар сургуулийн ахмад багш Л.Тулгаа: ” 55 дугаар сургуульд анх хэл заслын багшаар 26 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа. Хажуугаар нь Үйлдвэрчний хороогоо арваад жил хариуцаж явсан. Тэр үеийн багшийн ажил ахуй нь одоогийн багшийн нөхцөлтэй харьцуулахад хүнд байлаа. Миний хувьд бага ангийн багш нартаа их санаа зовдог байлаа. Яагаад гэвэл тэд чинь хүүхдүүдтэйгээ маш их тулж ажилладаг шүү дээ. Одоо энэ сургууль маань хүүхэд, багш хоёрын ажиллах, сурах нөхцөлөөр маш сайн хангасанд талархаж сууна”.






